Дэлхийн аварга орос жүдочийг чансаанаас хасжээ
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны албан ёсны чансаанаас ОХУ-ын жүдоч Матвей Каниковскийгийн нэрийг хассан нь олны анхаарлыг татав.
Өнгөрсөн жил -100 кг-ын жинд дэлхийн аварга болсон 24 настай орос эр 3,850 оноогоор жиндээ тавдугаарт жагсаж байсан юм. Их Дуулгын гурван түрүүтэй Каниковский Моксва хотын "Самбо 70" клубын тамирчин. Тэрбээр 2022 онд Улаанбаатарын Их Дуулгад түрүүлснээр анх олонд танигдсан билээ.
Түүнийг Францад болсон зуны олимпоос алтан медаль хүртэх магадлалтай тамирчдын тоонд оруулж байсан боловч ОХУ-ын эсрэг авсан хоригийн улмаас тус тэмцээнд оролцож чадаагүй юм.
Одоогоор түүнийг ямар шалтгаанаар чансаанаас хассан нь тодорхойгүй байна. Ихэнх тохиолдолд допингтой нэр холбогдсон тамирчдыг чансаанаас хасдаг журамтай. Гэхдээ IJF-ноос энэ талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.
Энэ сарын 16-наас 19-нийг дуустал Гүржийн Тбилиси хотод Европ тивийн аваргыг тодруулна. Уг тэмцээнд ОХУ-ын баг 18 тамирчинтай оролцоно. Каниковскийгийн оронд Нияз Билалов оролцохоор болжээ.
Эх сурвалж: Judo Inside
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
