Хятадаас хийлдэг завиар зугтаж ирсэн тэрс үзэлтнийг Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын алба баривчилжээ
Хийлдэг завиар эх орноосоо зугтсан Хятадын тэрс үзэлтнийг Өмнөд Солонгосын эрх баригчид баривчилжээ.
Цагдаагийн ажилтан асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Дон Гуанпинийг тус улсын эргийн хамгаалалтын албаныхан Даваа гарагийн орой тэнгисийн уснаас олсон юм байна.
Түүнийг хууль бус арга замаар хил зөрчсөн хэрэгт буруутган шалгаж эхэлснээ Өмнөд Солонгосын тал мэдээлжээ.
Одоо 68 настай тэрбээр Тяньаньмэний талбайд болсон хэрэг явдлыг дурсах арга хэмжээнд оролцсон гэх мэт идэвхтэй үйл ажиллагаануудынхаа төлөө Хятадын шоронд хэд хэдэн удаа хоригдож байсан юм.
Гуанпин доод тал нь гурван удаа Хятадаас зугтах гэж оролдоод бүтэлгүйтэж байжээ.
Түүний баривчлагдсан тухай тодруулахад Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Шаньдун мужийн Вэйфан хотоос Дон Гуанпин хөдөлгүүртэй хийлдэг завиар гарсныг Канадад оршин суудаг идэвхтэн Шэнь Сюэ сошиал хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр далайд 30 гаруй цагийг өнгөрөөсөн бөгөөд Өмнөд Солонгосын баруун эрэгт хүрэхдээ хэт ядарсны улмаас ухаан алдсан байснаа Сюэд утсаар хэлсэн гэнэ.
Гуанпиний завийг харсан загас агнуурын завь мэдээлэл өгсний дараа Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан түүнийг баривчилжээ.
Өмнөд Солонгос руу оргох гэж байгаагаа тэр өмнө нь Сюэд хэлж, төлөвлөгөөгөө хуваалцаж байсан гэнэ.
“Тэр үнэхээр үүнийг хийж чадсан. Дон Гуанпин хэтэрхий тууштай, зоригтой хүн” гэж Сюэ түүний талаар ярьжээ.
Нью Йорк хотод төвтэй Хятадын Хүний Эрх (HRIC) байгууллага Дон Гуанпинийг эх оронд нь буцааж өгөхгүй байхыг Сөүлийн эрх баригчдад уриалсан байна.
Эх орондоо “хавчин гадуурхагдаж, эрүү шүүлттэй тулгарах” эрсдэлтэй тул улс төрийн орогнол олгох, эсвэл гэр бүлийнхэн нь амьдардаг Канадад шилжүүлж өгөхийг тус байгууллага уриалжээ.
“Дал орчим настай эр хийлдэг жижиг завиар тэнгис далай гаталж зугтахад хүрсэн нь Хятадын хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг харуулж байна” гэж HRIC байгууллага мэдэгдсэн байна.
Дон Гуанпин 1999 онд Тяньаньмэний талбайн хэрэг явдлын 10 жилийн ойг тэмдэглэх өргөдөлд гарын үсэг зурсныхаа дараа цагдаагийн албанаас халагдаж байжээ.
Дараа нь 2001 онд “төрийн эрх мэдлийг доромжилсон” хэргээр гурван жилийн хорих ял сонсож байв. 2014 онд тэр мөн Тяньаньмэний дурсгалын арга хэмжээнд оролцсон хэргээр шоронд хоригдож байжээ.
Гуанпин 2015 оны аравдугаар сард эхнэр, охиныхоо хамт Бангкокт очиж, НҮБ-аас дүрвэгчийн статус аваад Канадад суурьших зөвшөөрөл авсан байна.
Гэвч тэднийг Канад явахаас хэдхэн хоногийн өмнө Тайландын эрх баригчид Гуанпинийг өөр нэг тэрс үзэлтний хамт Хятад руу албадан буцааж байжээ.
Үүний дараа тэр дахин шоронд хоригдсон юм.
Гуанпин 2019 онд Фужиан мужийн Шиши хотоос Тайванийн харьяа жижиг арал Кинмен рүү сэлж яваад Хятадын загасчдад баригдсан нь түүний хоёр дахь орголт байжээ.
Дараа нь тэр 2020 онд Вьетнамд очиж, Ханой хотод хоёр жил нуугдан амьдарсны эцэст цагдаа нарт баригдан нутаг буцсан юм.
Түүнд улсын хилийг хууль бус аргаар давсан хэргээр 11 сарын хорих ял оноосон бөгөөд 2023 оны аравдугаар сард суллагдаж байжээ.
Дон Гуанпин нь Өмнөд Солонгос руу зугтсан Хятадын анхны тэрс үзэлтэн биш. 2023 онд өөр нэг идэвхтэн Квон Пён усны мотоциклоор Өмнөд Солонгост хүрч байв. Түүнийг эхлээд баривчилж, ял тулгасан ч сүүлд АНУ-д суурьшуулжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
