Куба улсад дизель түлш хүргэхээр гарсан Оросын ачааны хөлөг зорьсон газартаа хүрэлгүй чиглэлээ өөрчилжээ
Эрчим хүчний гүн хямралд автсан Куба улсад түлш шатахуун хүргэхээр гарсан Оросын ачааны хөлөг задгай тэнгист олон хоног хөвсний эцэст чиглэлээ өөрчилсөн тухай эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг The Insider сайт мэдээлжээ.
Оросын далбаан дор хөвдөг “Universal” хөлөг 270,000 баррель орчим дизель түлш тээвэрлэн дөрөвдүгээр сарын зургааны өдөр Балтийн тэнгисийн Вистино боомтоос гарсан юм байна.
Тус хөлгийг Английн хоолойгоор нэвтрэхэд Оросын байлдааны хөлөг дагалдаж байжээ.
Балтийн флотын “Адмирал Григорович” хөлөг дараа нь Атлантын далайд хүртэл түүнийг дагажээ.
Гэвч “Universal” хөлөг Кубын эргээс зүүн хойд зүгт 1,600 км зайд оршдог Саргассын тэнгист нэг сар орчим хугацаанд хөвсний дараа чиглэлээ өөрчлөн Бразилыг зорьсон нь далайн тээврийн өгөгдлийн сан Starboard Maritime Intelligence-ийн мэдээллээс тодорхой болсон байна.
Уг хөлөг Кубад ачаагаа хүргэх зөвшөөрлийг АНУ-ын засаг захиргаанаас авч чадаагүй тул удаан хүлээсний эцэст чиглэлээ өөрчилсөн гэж мэргэжилтнүүд таамаглажээ.
“Universal” танкер нь АНУ, Европын Холбоо, Их Британи, Швейцар, Канадын хоригт орсон байдаг юм.
Энэ онд Оросын ганцхан ачааны хөлөг Кубад хүрч чадсан нь “Анатолий Колодкин” байжээ. Тус хөлөг 730,000 баррель түлшийг АНУ-ын засаг захиргааны зөвшөөрлийн дагуу Кубад хүргэсэн юм.
Энэ хөлгөөр нийлүүлсэн түлш дөрөвдүгээр сарын сүүл гэхэд шавхагдаж дууссан гэсэн мэдээлэл бий.
Нэгдүгээр сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Трампын засаг захиргаа Куба улсын эсрэг эрчим хүчний хоригоо эрчимжүүлээд байгаа.
Энэ нь Кубын коммунист дэглэмийг унагах зорилготой юм.
Тавдугаар сарын 20-ны өдөр Трампын засаг захиргаа Кубын удирдагч асан Раул Кастрог 1996 онд хүмүүнлэгийн байгууллагын нисэх онгоцыг буудаж унагасан хэрэгт буруутгасан. Уг онгоцонд явсан дөрвөн хүн амь үрэгдсэний гурав нь АНУ-ын иргэд байсан юм.
Кастрог буруутгасныхаа дараа АНУ нисэх онгоц тээвэрлэгч USS Nimitz тэргүүтэй байлдааны хөлгүүдээ Кубын эрэг орчмын тэнгисийн хэсэгт илгээжээ.
Эх сурвалж: The Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
