Л.Мөнхбаясгалан: Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно
Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо болон Батлан хамгаалахын сайдын асуудлаар Ардчилсан Намын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Манай намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа улираан томилох болсон Үндсэн хуулийн цэц дээр гарсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн.
Харамсалтай нь өчигдөр Үндсэн хуулийн цэцийн зүгээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилж болно, зөвхөн нэг удаа гэдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдсэн. Үүнд Үндсэн хуулийн цэцийн Мөнхсайхан, Гангабаатар нар тусгай санал гаргасан. Тиймээс АН-ын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний хугацаа дуусчихсан. ҮХЦ-ийн дарга Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болж байна. Үндсэн хуулийн цэц өөрөө чадамжтай юу гэдэг асуудал яригдана.
Дээрээс нь Үндсэн хууль, улс төрийн бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалд нэг хүн зургаан жилээс илүү хугацаагаар байж болохгүй гэсэн үндсэн агуулгатай. Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгодог. Ерөнхий шүүгч гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан. Энэ хүн зургаан жилээс цааш улирч 12 жил болбол ашиг сонирхлын зөрчил үүснэ.
АН үүнийг хүчтэй эсэргүүцнэ. Шаардлагатай бол улс төрийн зөвлөлийг хуралдуулна.
Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлутын асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд тавьсан. Д.Батлут сайдыг албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцохыг шаардаж байна. Монгол хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Цэргийн үүрэг авсан залуус цэрэгт явахаас айдаг байх ёсгүй.
Тиймээс бид Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол АН дараагийн улс төрийн шийдвэртэй алхам руу орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
