ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрч Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Тодруулбал, 2024 онд эхний ээлжийн 380 метр авто замыг барьсан. Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр авто замыг барьж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд уг авто замыг зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулах юм байна.
Энэ талаар авто замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч “Фючер прогресс” ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 1.5-3 метр өргөн явган хүний зам барьснаас гадна суурь асфальт хучилтын ажил дууссан.
Мөн зураг төслийн дагуу борооны ус зайлуулах шугам угсарлаа. Одоогоор өнгө асфальтаа хучиж байна.
Үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг үе шаттай хийж буй” гэв.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхон урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
