Энэтхэгт босгосон Лионел Мессигийн аварга хөшөө салхинд найгаж эхэлсэн тул буулгахаар болжээ
Дэлхийн хөлбөмбөгийн од Лионел Мессийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгт айлчлах үеэр Баруун Бенгал мужийн Колката хотод түүний 23 метр өндөр аварга хөшөөг босгож байв.
Гэвч Даваа гарагт уг хөшөө “салхинд найгаж” байгаа тухай мэдээлэл нутгийн иргэдээс ирсний дараа мэргэжилтнүүд шалгаад нурахад ойрхон болсныг илрүүлжээ.
Улмаар хөшөөний бат бэх байдал ноцтой алдагдсан тул яаралтай буулгаж, өөр байрлалд шилжүүлэх захирамжийг орон нутгийн захиргаа гаргасан байна.
“Аргентины домогт хөл бөмбөгчний хөшөө аюул учруулж болзошгүй болсныг тогтоосон. Хөшөө салхинд найгаж байгааг иргэд анзаарсан байна” гэж Баруун Бенгал мужийн хууль тогтоогч Шарадват Мукержи мэдээлжээ.
Хөл хөдөлгөөн ихтэй зам дагуу, метроны өртөөтэй ойрхон байрладаг тул хөшөөг буулгахаас өмнө аюулгүй байдлыг хангахын тулд тойруулан хаалт босгож, олсоор бэхэлсэн байна.
Одоо эрх баригчид хөшөөг нүүлгэх шинэ байршлыг судалж байгаа гэнэ.
Анх хөшөөг 45 хүнтэй баг 27 хоногийн турш угсарч байжээ.
Месси хөшөөнийхөө нээлтэд алсын зайнаас виртуал хэлбэрээр оролцож, хөшгийг нь буулгах алсын удирдлагын товчийг дэлгэц дээр дарж байв.
Түүнийг Колката хотод зочлох үеэр шүтээнээ ойроос харж чадаагүйдээ бухимдсан фэнүүд нь Salt Lake Stadium хүрээлэнгийн эд зүйлсийг эвдэн сүйтгэж байсан юм.
Эх сурвалж: BBCмөн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
