Лаосын үерт автсан агуйгаас таван хүнийг аварч, үлдсэн хоёрыг нь үргэлжлүүлэн хайж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Лаосын нутагт оршдог агуй гэнэтийн үерт автахад дотор нь байсан нутгийн долоон иргэн гацаж, тэднийг аврах ажиллагаа олон хоног үргэлжилж байгаа.

Тэдгээрээс тавыг нь аварч чадсанаа Лаос, Тайландын аврагчдын хамтарсан баг өчигдөр мэдээлжээ.

Лаос улсын төв бүсийн Сайсомбун мужийн нэг тосгоны долоон оршин суугч алт хайх, зэрлэг амьтан агнах зорилгоор агуйд ороод байх үед их устай бороо орсны улмаас агуйн ам хаагдсан байна.

Үлдсэн хоёр хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг Лаосын аврах багийн ахлагч Бонхам Луанглат мэдээлжээ.

Газрын гүнд оршдог агуйн систем нь маш нарийхан бөгөөд зарим хэсэгт ердөө 50 см өндөртэй тул аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байна.

Тайландын аврагч Кенгкач Бангкавонг агуйд гацсан таван хүнийг орон нутгийн цагаар 16:30 цагт олсныг Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

зураг
 

Финландын аврагч, шумбагч Микко Пааси “үерийн ус, хөрсний нуралт, бохирдсон агаар” зэрэг өндөр эрсдэлтэй нөхцөлд агуйн амнаас 300 метр зайд байгаа хүмүүсийг аврах ажиллагаа явагдаж байгааг Лхагва гарагийн өглөө мэдээлж байв.

Нийслэл Вьентян хотоос хойд зүгт 120 км зайд оршдог уг агуй хэний ч өмч биш бөгөөд олз хайсан нутгийн иргэд байнга ордог байжээ.

Кенгкач бол 2018 онд Тайландын Чианг Рай мужийн агуй дотор мөн үерийн усанд хашигдсан 12 хүүхдийг дасгалжуулагчийнх нь хамт аврах ажиллагаанд оролцож байсан туршлагатай аврагч юм.

Тэд хоёр долоо хоног агуйн гүнд гацсаны эцэст аврагдсан бөгөөд энэ үйл явдал тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлын төвд орж, улс улсаас 10,000 орчим мэргэжилтэн туслахаар очиж байжээ.

Энэ түүх дээр сэдэвлэсэн “Арван гурван амь”, “Аврах ажиллагаа” зэрэг хэд хэдэн уран сайхны болон баримтат кино бүтээгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC