АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн холбоотон Оман улсыг “дэлбэлнэ” гэж сүрдүүлэв

Т.Давааням, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Оман улс Ормузын хоолойг нээх асуудал дээр Ираны талд орвол “дэлбэлнэ” гэж сүрдүүлжээ.

Цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр тэр хоолойн хяналтыг түр хугацаанд Иран, Персийн булангийн орнуудад шилжүүлэх гэрээ хэлцлийг зөвшөөрөх эсэхийг сэтгүүлч асуухад шууд Оманыг нэр зааж сүрдүүлсэн нь гайхшируулсан юм.

“Үгүй ээ. Хоолой бүгдэд нээлттэй болно. Энэ бол олон улсын усан зам. Оман бусдын жишгийг дагах ёстой. Эс бөгөөс бид тэднийг дэлбэлэх болно. Тэд үүнийг ойлгож байгаа бол яах ч үгүй” гэж Трамп уг асуултад хариулжээ.

Трамп буруу ярьсан, эсвэл Ираныг Омантай андуурсан эсэх талаар Цагаан ордон ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Оман бол АНУ-ын холбоотон бөгөөд өөрөө Ираны халдлагад өртөж, Ойрх Дорнодын дайныг зогсооход зуучлахыг оролдож байсан улс юм.

Сүүлд АНУ-ын төрийн департамент Оманы талаар Трампын ярьсан ярианы бичлэгийг ямар ч залруулгагүйгээр өөрийн албан ёсны сувагт нийтэлсэн байна.

Хэдхэн хоногийн дараа 80 насанд хүрэх гэж буй Трамп өмнө нь Венесуэлийг Ирантай сольж ярихдаа Өмнөд Америкийн энэ улс “тэнгисийн флотгүй, агаарын хүчингүй” болсныг хэлж байв.

Тэрбээр АНУ, Израилийн цохилт эхэлсэн хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш ийм үг хэллэгийг Ираны эсрэг олон удаа хэрэглэж байсан юм.

Яг гурван сар үргэлжилж буй мөргөлдөөнийг эцэслэх яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй удаж байгаа. Үүнд Ормузын хоолойгоос гадна Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудал, мөн Ираны хориг арга хэмжээг цуцалж, гадаадад битүүмжлэгдсэн хөрөнгийг нь чөлөөлөх асуудал яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: AFP