Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг батлахыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан танилцуулжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 2001 оны 31 дүгээр чуулганаар усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор баталсан “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц” нь 35 зүйл, дүрмээс бүрддэг байна. Конвенцын 1 дүгээр зүйл “… доод тал нь 100 жилийн турш хэсэгчлэн, эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид хэсэгчлэн, эсхүл байнга усан доор байсан соёл, түүх, эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” гэж тодорхойлон, түүнд “… археологи болон байгалийн орчиндоо байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл”, “…археологи болон байгалийн орчиндоо байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл, эсхүл тэдгээрийн аливаа хэсэг, ачаа, эсхүл бусад зүйлс, эд зүйлс, эртний түүхэнд хамрах эд зүйлсийг хамруулахаар заасан байдаг байна.
Монгол Улс далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том, жижиг нуур, голын усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс”-д хамаарахаар байгаа гэдгийг Ж.Алдаржавхлан сайд танилцуулав. Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаарна гэлээ.
Манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас эд зүйлсийг хулгайлах, эвдлэн сүйтгэх явдал гарсаар байгаа хэмээв. Төслийн танилцуулгад сайд Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр дэх Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос 366 мөнгөн аяга авсан 2018 оны үйл явдлыг дурдав. Усан доорх соёлын өвийн талаарх эрх зүйн зохицуулалтгүй улмаас шүүх эдгээр зүйлсийг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлж, мөнгийг ялган зах зээлийн үнээр худалдаж зарцуулсан юм. Ийм тохиолдол бүр нь үндэсний соёлын өв сан, үнэт байдлыг дордуулж, өв бүрдэх, оршин тогтнох нөхцөлийг устгаж, үгүй болгодог үр дагавартай гэдгийг тэмдэглэсэн. Цаашид энэ мэт тохиолдлоос урьдчилан сэргийлэх, дурсгалт зүйлсийг конвенцын зорилгын үүднээс илрүүлж, бүртгэх, хадгалах, хамгаалах, өмчлөх, эзэмших, зохистойгоор ашиглах, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулах асуудал тулгамдаж байгааг онцоллоо.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэлэв. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч монголын, монголчуудын соёл, түүхтэй холбоотой эд өлгийн зүйлс далай, тэнгис, бусад улс орны гол, мөрөнд хадгалагдан өв болсон байх магадлалтай хэмээгээд зарим баримт дурдаад, энэхүү конвенцод нэгдэн орохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Манай улсын археологийн салбар сүүлийн үед маш сайн хөгжиж байгаа хэмээн Д.Бум-Очир гишүүн хэлээд энэ усан доорх археологи нь шинэлэг чиглэл болохыг хэлсэн. Усан доорх археологи онол, арга зүйн хувьд Монголд хэрхэн хөгжиж байгааг, одоогоор ямар дурсгалууд олдсон байгааг, одоо судлагдаж байгаа чухал олдворуудын талаар тодруулаа.
Монгол Улсад одоогоор баттай тогтоогдсон усан доорх соёлын өвийн бүртгэл байхгүй гэдгийг ажлын хэсгээс хариулсан. Гэхдээ урьдчилсан байдлаар Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг томоохон гол, нууранд эд өлгийн зүйлс бий гэдэг нь тодорхой мэдэгдэж байгаа гэв. Эдгээрийг цаашид судалж, шинжлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалж, хамгаалахын тулд мэргэжилтнүүдээ бэлтгээд эхэлсэн болохыг дурдав. Ойрын хугацаанд анхны шумбалтыг хийхээр Япон Улсад бэлтгэл хангаж байгаа гэлээ. Цаашдаа энэ чиглэлээр мэргэжилтнүүд шат дараатай бэлтгэх, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа дэмжлэг авах, мөн энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх байдлаар үндэснийхээ чадавхыг бэхжүүлэхээр зорьж байгаа гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын 16 гишүүний 11 нь Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлахыг дэмжсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
