Монгол-Хятадын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

П.Сайнжаргал, IKON.MN
41 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол-Хятадын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэг өнөөдөр хамтран зохион байгууллаа. 

Энэхүү найрамдлын цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн жилийн есдүгээр сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор албан ёсоор нээж байсан билээ. 

"Монгол Улсын тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд ийнхүү мод тарих арга хэмжээг зохион байгуулж байгаа" талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань яриандаа дурдаж байлаа. 



Тэрбээр "Бидний байгаа энэ газар өнгөрсөн намар ашиглалтад орсон Монгол-Хятадын Найрамдлын цэцэрлэг юм.

Өнөөдөр бид энд мод тарьж, Монгол-Хятадын найрамдлын бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж байна. Нэн ялангуяа цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй хэрэг юм.

Ногоон хөгжил бол Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтын чухал хөдөлгөгч хүч бөгөөд мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Дөрвөн чөлөөлөлт”-ийн нэг билээ. Ногоон хөгжил нь Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө болон Монгол Улсын шинээр баталсан ирэх таван жилийн төлөвлөгөөний хамтын өнгө төрх болж хоёр улсын хөгжлийг илүү тогтворжуулж, хоёр орны ард иргэдэд улам их үр өгөөжийг авчрах учиртай" хэмээн хэллээ. 

Цаашид мод, бутлаг ургамал суулгаж, ногоон байгууламжийг сайжруулаад зогсохгүй иргэдийн тав тухтай амрах орчныг бүрдүүлж саравч, явган хүний зам, сандал зэргийг нэмж байгуулах аж. 

Элчин сайд Шэнь Миньжуань "Бидний хамтын хүчин чармайлтаар энэхүү найрамдлын цэцэрлэгт хүрээлэн илүү үзэсгэлэнтэй болж Монгол-Хятадын найрамдалт харилцаа ард олны сэтгэл гүнзгий шингэж хоёр улсын харилцааны ирээдүй улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна" гэдгийг яриандаа тодотгов. 

Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181,000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьжээ. 

Энэ талаар "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэхдээ "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2010 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 30 төрөл зүйлийн 181,000 модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарьсан байна. Ургалт маш өндөр буюу 98.7 хувьтай тоологдсон.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 онд эхэлснээс хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 80,000 гаруй модыг тарьжээ. Мөн ойжуулалтын хэлбэрээр 50,000 гаруй мод тарьсан байгаа.

Мэргэжлийн түвшинд мод тарих, тариад орхих бус арчилж хамгаалж ургуулах нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн газар доор нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байдаг. Энэ усыг хамгаалж, нөхөн сэргээхийн тулд мод тарих нь чухал" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Өнөөдрийн арга хэмжээ 2023 оноос эхлэлтэй. Монгол-Хятадын нийгэмлэгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламж бүтээж өгье, иргэдэд зориулсан тохижилт хийе гэсэн саналыг тавьсан.

Ийнхүү хоёр талаасаа ярилцаж өнөөдрийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байдаг. 

Мод тарих ажил жилийн хавар, намрын улиралд хийгдэж байна. Монгол-Хятадын нийгэмлэг бол маш хариуцлагатай хамтрагчдын маань нэг. Бүтээн байгуулалтын ажил батлагдсан зураг, гэрээнийхээ дагуу чанартай хийгдэж байгаа.

Одоо бидний зүгээс энэ талбайгаа арчилж хамгаалах, иргэдэд нээлттэй байлгахад анхаарч ажиллана. Нөгөө талаас иргэд маань ариг гамтай хандах ёстой. 

Мод тарина гэдэг яг л хүүхэд өсгөхтэй адил. Жилийн дөрвөн улиралд 365 хоног арчилгаа хамгаалал шаарддаг. Мөн хортон шавжаас хамгаалж ургамал хамгааллын мэргэжилтэн ажиллана.

Тарьсан модны үндэс нь газрын хөрснөөс усаа авдаг болтол буюу гурваас дээш жил тогтмол услах ёстой. Хүмүүс модны суулгац суулгаж байгаагаа мод тарьж байна гэж яриад байдаг. Энэ бол зөвхөн суулгацыг хөрсөнд суулгаж байгаа үйл явц. Мод тарих ажлыг 100 хувь гэж үзвэл нэгхэн хувь нь юм аа" гэв. 

Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Энэхүү үйл ажиллагаагаар Монгол-Хятадын найрамдалд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 

Аливаа бүтээн байгуулалтыг хийнэ гэдэг бол сайхан үйл юм. Үүний зэрэгцээ тэрхүү бүтээн байгуулалтыг цаашид арчилж авч явна гэдэг бол маш чухал. Тийм учраас бид ч гэсэн бүтээн байгуулалтын нэг хэсэг болсон хүмүүсийн хувьд цэцэрлэгт хүрээлэнгээ арчилж авч явахын төлөө зүтгэнэ" хэмээн хэллээ. 

ФОТО: