Нэтфликсийн “3 Body Problem” цувралтай холбоотой тэрбумтныг хордуулсан этгээдийг Хятадын эрх баригчид цаазалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ажил мэргэжлийн маргааны улмаас Нэтфликсийн алдарт “3 Body Problem” цувралтай холбоотой компьютер тоглоомын компанийн эзэн тэрбумтныг хордуулж алсан этгээд цаазлуулсныг Хятадын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Цаазлуулсан Шү Яао нь Шанхайд төвтэй Yoozoo Games компанийн үүсгэн байгуулагч Лин Чигийн амийг хордуулж хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан юм.

Yoozoo Games нь шинжлэх ухааны уран зөгнөлт “3 Body Problem” номын дэлгэцийн бүтээлийн эрхийг эзэмшдэг компани.

Хятадын зохиолч Лю Цисиний энэ ном дэлхий даяар 40 хэл рүү орчуулагдаж, дэлгэцийн бүтээл, компьютерын тоглоом болж байсны нэг нь 2024 онд Нэтфликсээр цацагдсан цуврал байжээ.

Yoozoo Games компанийн охин компанийг удирдаж байсан Шү боссдоо Нэтфликстэй гэрээ байгуулахад нь тусалж байсан бөгөөд сүүлд уг ажлын гадна үлдсэндээ өширхөж, ийм хэрэг үйлдсэн гэгдэж байна.

Тэрбээр 2024 онд Шанхайн шүүхээс цаазын ял сонссон бөгөөд тавдугаар сарын 21-ний өдөр ялыг гүйцэтгэсэн болохыг хэвлэлүүд өчигдөр олж мэдээлжээ.

“Үүсгэн байгуулагч агсан ноён Лин Читэй холбоотой хэрэг эцэслэн шийдэгдэж, шударга ёс тогтлоо. Компанийн бүх ажилтан хууль дүрэм хэрэгжсэнд гүнээ талархаж байна” гэж Yoozoo Games компани мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

  Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Шү зарим хортой мөөгөнд агуулагддаг үхлийн аюултай бодис альфа-аманитинийг онлайнаар худалдаж авахад хэдэн зуун мянган юань зарцуулсан нь мөрдлөгөөр илэрсэн гэнэ.

Тэрбээр уг хороо пробиотик бэлдмэл, кофены капсул, усны сав, вискиний лонх зэрэгт хийснээ Лин болон компанийн бусад ажилтнуудад өгч байжээ.

Лин 2020 оны арванхоёрдугаар сард эмнэлэгт хүргэгдэж, хэд хоногийн дараа нас барсан байна. Тэрбээр 39 настай байжээ.

Өөр хэд хэдэн хүн хордсон ч бүгд эдгэрсэн байна.

“3 Body Problem” цуврал Хятадад болон дэлхий дахинд маш их алдаршсан бүтээл юм.

Уг зохиолыг бичсэн Лю салбарын нэр хүндтэй Hugo Award шагналыг Хятадын зохиолчдоос анх удаа хүртэж байв.

Түүний зохиол Хятадын дотоодын зах зээлд кино, видео тоглоом, ном хэвлэл болон ашиглагдаж, шинжлэх ухааны уран зөгнөлийн салбарын өсөлтийг өдөөсөн гэгддэг.

 

Эх сурвалж: Associated Press