Б.Жаргалан: Холбогдох хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулах ёстой байсан Л.Өлзийсайханд хариуцлага тооц

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. 

Тус дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль дахь төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэдэг заалт нь Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалттай зөрчилдөж байна гэж үзсэн юм. 

2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болсон. Гэтэл түүнээс хойш долоон жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэлгүй явж иржээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Одоогийн Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан гэдэг хүн 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 58 дугаар тогтоолоор цэцийн гишүүнээр томилогдсон. ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн цэцийнхээ даргаар ажиллаад, улс төрийн ноцтой шийдвэрүүд гаргаад явж байна. Тиймээс  ҮХЦ-ийн гишүүний орон тоонд орных нь хүнийг томилох асуудал бус ҮХЦ-ээс гаргасан улс төрийн үр дагавартай шийдвэрүүд нь хууль ёсны чадамжтай юу гэдгийг ярих ёстой. 

Сүүлийн үед ҮХЦ маш ноцтой шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, тавдугаар сарын 13-нд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой, хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой, өчигдөр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой гэх мэт. 

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан бусад хууль тогтоомжийг яагаад нийцүүлээгүй вэ гэдэг асуудал яригдаж байна. Гурван ч парламент дамналаа. ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байгаад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар хүрээд ирчихсэн хүн чинь 2019-2023 оны хооронд мөн УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр хүн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор холбогдох хуулиудыг нийцүүлэх ажлыг зохион байгуулах ёстой байсан. Тиймээс УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцох ёстой хүмүүстээ хариуцлагаа тооцож чадахгүй, дэвшүүлэн зайлуулж, энд тэнд томилоод байгаатай холбоотой алдаа завхрал гараад байна" гэв.