"Хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг хэрэглэж байна"
Цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сэтгэлзүйн дарамт авах, нэр төрд халдах, доромжлох, айлган сүрдүүлэх зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэв.
Тухайлбал хүүхдүүд цахим сүлжээнд групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэж байна.
Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ), Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
E-Mongolia Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Гүнзаяа "Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ) болон ЦХИХХЯ хамтран 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насны хүүхдүүд цахим болон үе тэнгийн дээрэлхэлтэд ихээхэн өртөж байна гэдэг дүгнэлт гарсан. Мөн 9-12 насны хүүхдүүдийн 1/3 нь үүнд өртөж байна, хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг хэрэглэж байна зэрэг нь тогтоогдсон.
Түүнчлэн боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахимаар үйлдэгдсэн гэсэн тоон мэдээлэл бий. Иймээс цахим хэрэглээний аюулгүй байдлыг таниулан сурталчлахын тулд уг аяныг эхлүүлж байгаа" гэлээ.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группүүдийг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
