Б.Ганзориг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж нэгдсэн байр суурийг гаргажээ. 

Энэ талаар ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ганзориг "Парламентын гишүүдийн ёс зүй бөгөөд сахилга хариуцлага, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх зохицуулалтыг манай зөвлөл дэмжиж байгаа. Гэхдээ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалтыг нарийвчлах нь агуулгаасаа хальсан байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй.

Тэгэхээр энэ хуулийн төслийг эргүүлж татаад Үндсэн хуульд заасан агуулгад нийцүүлээд, процессыг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд "Жагсаалтын гишүүдийг нам эгүүлэн татна" гэж заасан байгаа. Нам хариуцлага тооцох тохиолдолд анхнаасаа нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Сонгуулиар хариуцлага тооцдог байх механизм ардчилсан оронд тохирно.

Мөн Үндсэн хуулийн цэц дээр эгүүлэн татна гэж байгаа. Намууд зарим тохиолдолд улс төрийн зорилгоор гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ээлжлэн тавина. УИХ байнга гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ярьж эхэлбэл улс орон тогтворгүй болох нөхцөл байдал үүснэ. Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй" гэв.

"Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачлах субъект нь биш"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн уг хуулийн төслийг судлах ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хэд хэдэн удаа хойшилсон. ХҮН намын зүгээс энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв үү гэдэгт асуудал хөндөж тавиад байгаа вэ гэвэл бид хамгийн түрүүнд агуулгаасаа илүүтэй зарчмаа дагаж мөрдөх ёстой. Хэрэв Үндсэн хуулиа зөрчөөд эхэлбэл хууль дээдлэх ёс барьцгүй болж эхэлнэ. 

УИХ-ын чуулганы хуралдаанд хууль санаачлагчийн зүгээс "УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоогүй" гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэтэл энэ хуулийн төсөл нь УИХ-ын тухай хуулийн 9.1.4, 9.1.6, 9.2 дахь заалтуудыг хөндсөн. Энэ заалтууд нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой процесс, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол хэрхэн эгүүлэн татах, хуралдахтай холбоотой асуудал байдаг. 

9.1.6-д УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тусгай нөхцөлүүдийг оруулж ирсэн. Үндсэн хуулийн 29.3-д УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёрхон нөхцөлийг тусгаж өгсөн байдаг. Энэ хоёр нөхцөлийг өргөтгөмөөр байвал Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Иймд Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг санаачлах субъект нь биш. Хоёрт тус хуулийн төсөлд Үндсэн хуулийн зөрчилтэй нэлээд заалтууд байна. Харин УИХ-ын гишүүний тангаргийн агуулгыг өргөтгөхийг бид дэмжиж байгаа" гэв.