Перу улсын иргэд арав хүрэхгүй жилийн хугацаанд ес дэх ерөнхийлөгчөө 35 нэр дэвшигчийн дотроос сонгож байна
Улс төрийн тогтворгүй байдлаараа алдартай Өмнөд Америк тивийн Перу улсын ард иргэд арав хүрэхгүй жилийн дотор ес дэх ерөнхийлөгчөө сонгож байна.
Ням гарагт тус улсын 27 сая орчим иргэн өглөөний 7:00 цагаас оройн 5:00 цаг хүртэл саналаа өгсөн бөгөөд удахгүй үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулах юм.
Энэ удаа 35 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн дотор хошин урлагийн жүжигчин, хэвлэлийн магнат, улс төрийн угсаа залгамжлагч, өөрийгөө хүүхэлдэйн киноны гахайтай зүйрлэдэг хатуу чиг баримжаатай хотын дарга асан зэрэг янз бүрийн хүмүүс байна.
Урьдчилсан судалгаагаар барууны үзэлтэй нэр дэвшигч Кэйко Фухимори 16.6 хувийн саналаар тэргүүлж, зүүний үзэлтэй нэр дэвшигч Роберто Санчес 12.1 хувиар, зүүн төвийн үзэлтэй Рикардо Белмонт 11.8 хувиар тус тус удаалж байгаа гэсэн мэдээлэл бий.
Хэрвээ нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босгыг давсан санал авч чадахгүй бол хамгийн олон саналтай хоёр нь зургаадугаар сарын 7-ны өдөр болох хоёр дахь шатанд өрсөлдөнө.
2018 оноос хойш Перуд найман удаа ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгогчдын ирц өндөр байсан ч импичмент, авлигын дуулиан зэргийн улмаас иргэдийн эрх баригчдад итгэх итгэл улам суларч байгаа.
“Перу бол эмх замбараагүй улс. Саналаа өгмөөр үнэ цэнтэй нэр дэвшигч алга” гэж нийслэл Лима хотын жимсний худалдаачин Глориа Падияа хэвлэлд ярьжээ.
56 настай хувцасны наймаачин Мариа Фернандес мөн адил бодолтой байна.
“Би хэнд ч санал өгөхгүй. Би эрх мэдэлтэй бүх хүнд маш их сэтгэл дундуур байна. Биднийг зөвхөн авлигад идэгдсэн хулгайч луйварчид л удирдаж байсан” гэж тэр хэлжээ.
Өмнөх гурван сонгуульд хоёрдугаар шатанд шалгарч байсан Фухиморигийн хувьд энэ нь түүний дөрөв дэх сонгууль юм.
Тэрбээр эдийн засгийн тогтвортой байдал, дэг журам амлаж байгаа ч гэр бүлийн түүх нь сонгогчдыг эргэлзэхэд хүргэж байгаа.
Түүний аав болох ерөнхийлөгч асан Альберто Фухимори 2024 онд нас барахаасаа өмнө хүний эрх зөрчсөн, авлига авсан хэргээр яллагдаж байжээ.
Санал хураалтын өмнөх өдөр хэвлэлд ярихдаа Фухимори хэрвээ ялбал эхний 100 хоногт дэг журмыг сэргээж, цэргийн эрхтнүүдийг шоронд илгээж, хууль бус цагаачдыг албадан гаргаж, хилийн харуул хамгаалалтыг чангатгахаа амлаж байв.
Түүнтэй өрсөлдөж буй алдартай хошин урлагийн жүжигчин Карлос Альварес сүүлийн арван жилийн хугацаанд хоёр дахин өссөн хүн амины хэрэгтэй хатуу тэмцэхээ амлаж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
