ХҮН намын зөвлөл Туулын хурдны зам төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, нийт таван асуудлыг хэлэлцсэн байна. 

Тухайлбал Туулын хурдны зам төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж нэгдсэн байр суурийг гаргажээ. 

Энэ талаар ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ганзориг "Туулын хурдны замтай холбоотой төслийн асуудлаар ажлын хэсэг гарч, байгаль орчны нөлөөлөл болон эдийн засгийн үр ашиг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нөлөөллийн тооцооллын талаар ажлын хэсэг ажилласан. 

2.3 их наяд төгрөгөөр байгаль орчинд халтай, эдийн засагт үр өгөөж муутай, түгжрэлд бодитой нөлөө үзүүлэх боломжгүй энэ төслийг цаашид үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй. Энэ бол үр ашиггүй төсөл гэж үзсэн. Дээрх гурван чиглэлд нарийн тооцоолол дээр ХҮН намын зөвлөлийн гишүүд болон мэргэжилтэн судлаачид орж ажилласан. 

Туулын хурдны зам төслийг Байгаль орчны яамнаас түр зогсоосон байгаа, удахгүй үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл өгч байгаа. УИХ дахь ХҮН намын зөвлөл энэ трассын дагуу үргэлжлүүлэх шаардлагагүй. Харин уулын замаа өргөтгөөд дөрвөн эгнээ болгож, зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлийн урсгалын түгжрэлийг бууруулаад явах боломжтой. 

Нийслэлээс энэ төслийг түгжрэлд 15 хувиар нөлөөлнө гэж байгаа. Тойрог 1, 2 зам орж ирж байж 35 хувь нөлөөлнө гэсэн. Гэтэл тойрог 1, 2 зам төсөл нь Туулын хурдны зам төслөөс 3-4 дахин их буюу 6-8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардана. Дэлхийн улс орнуудын нөхцөл байдалтай холбоотой түүхий эдийн үнэ өсөх гэж байна. Энэ үед ийм томоохон хэмжээний төсөл хөтөлбөр яваад цаг хугацаандаа дуусаад бодитой нөлөө үзүүлэх боломж бага" хэмээн ярив.

"Долоон газарт уулзвар орж ирвэл лонхны амсар шиг үр нөлөө үзүүлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн түгжрэл хэрхэн буурах талаар УИХ-ын гишүүн Б.Наранбаяр "Туулын хурдны замаас гадна өмнөөс хойш нь холбосон зам гээд нийт 8-9 их наяд төгрөгийн төсөл яриад байгаа. Энэ замуудыг барьчихсан тохиолдолд түгжрэл 30-35 хувь бууруулна гэж тооцсон. Зөвхөн Туулын хурдны замыг барьсан тохиолдолд түгжрэл 13-15 хувь буурна. Энэ зам дээр явах машины хурдыг дөрвөн улирлын турш 100 км/цагаар тооцсон. Гэтэл өвлийн улиралд хурдны зам хамгийн аюултай, халтиргаатай. Буруу жолооны хүрдтэй машин хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөдөлгөөний эрчмийг нэмдэг гэснийг тооцоогүй. 

Нийт долоон газар буугаад хурдны замаас хотын төв рүү орох юм байна. Их монголын гудамжны уулзварыг харахад хотын төв рүү чиглэл урсгал ямагт 12 хувиар илүү байна. Долоон газарт уулзвар орж ирвэл лонхны амсар шиг үр нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл түгжрэлийг улам нэмэх магадлалтай. Тэгэхээр түгжрэлийг 15 хувь бууруулах тооцоолол жаахан дэгс байна уу даа" гэж мэдээлэв.