Украин улс нисгэгчгүй онгоцны туршлагаа хуваалцахаар мэргэжилтнүүдээ Ойрх Дорнодын гурван улсад илгээжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны халдлагыг эсэргүүцэхэд нь туслах зорилгоор нисгэгчгүй онгоцны мэргэжилтнүүдээ Ойрх Дорнодын Катар, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб улсуудад илгээснээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Үүнээс гадна АНУ-ын цэргийн баазуудыг дроны халдлагаас хамгаалахад туслах зорилгоор бас нэг багийг Йордан улс руу илгээсэн байна.

Өчигдөр нийтэлсэн видео мэдэгдэлдээ Зеленский өөрийн улсыг “довтолгооны нисгэгчгүй онгоцнуудыг эсэргүүцэх туршлагаар дэлхийд тэргүүлэгч” гэж тодорхойлжээ.

Үнэхээр тус улс дөрвөн жил гаруй хугацаанд Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэхдээ энэ талын асар их туршлага хуримтлуулсан юм.

Өнгөрсөн хугацаанд АНУ болон Ойрх Дорнод, Европын нийт 10 улс дроны аюулаас хамгаалах мэдлэг туршлагаа хуваалцах хүсэлт ирүүлснийг Зеленский хэлжээ.

Тэр бас Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеровын тэргүүлсэн цэрэг, тагнуулын албан тушаалтнуудын баг яриа хэлэлцээ эхлүүлэхээр Персийн булангийн орнуудыг зорьсон тухай мэдээлсэн байна.

Ойрх Дорнодын орнууд хэдийгээр агаарын довтолгооноос хамгаалах хүчтэй зэвсэг техниктэй ч Ираны хямд өртөгтэй нисгэгчгүй онгоцны довтолгоог няцаахад бэрхшээлтэй тулгараад байгаа.

Тухайлбал хямдхан Шахед дроныг устгахын тулд сая долларын үнэтэй пуужин ашиглах болоод байгаа юм.

Украины арми үүнийг няцаахын тулд мөн хямд өртгөөр үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц ашигладаг.

Гэхдээ Украин улс өөрийгөө хамгаалан дайтаж байгаа мөртлөө Персийн булангийн орнуудад зэвсэг илүүчлэх нь улс төрийн хувьд хэр зохистой болох талаар асуудал урган гарч ирж байгаа.

Тиймээс Зеленский үзүүлэх тусламжийнхаа хариуд ямар нэг хэрэгтэй зүйл авах ёстой гэж үзэж байна.

Тухайлбал тэр Ираны дроны халдлагаас хамгаалах зэвсэг, арга туршлагаа нийлүүлсний хариуд Patriot зэрэг бусад өндөр үнэтэй агаарын довтолгооноос хамгаалах систем авахыг хүсэж байгаа.

Бас энэ наймаа нь Украины орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, өмнө нь Оросын өдөөсөн дайнд төвийг сахиж байсан Персийн булангийн орнуудыг өөрийн талд эргүүлэх давхар ач холбогдолтой юм.

Мөн нэг жил гаруйн өмнө Цагаан ордонд ирэхдээ АНУ-ын Украинд үзүүлэх тусламжийг зогсоосон ерөнхийлөгч Дональд Трампын санаа бодлыг эргүүлэхэд нөлөөлж магадгүй байна.

Одоогоор Patriot зэрэг нэн чухал зэвсгийг Европын холбоотнууд нь Украинд нийлүүлэхдээ АНУ-аас худалдан авч өгч байгаа юм.

Гэхдээ энэ үйл явц удаан бөгөөд тоо хэмжээний хувьд хангалтгүй байгаа билээ.

 

Эх сурвалж: BBC