Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "PGL Astana 2025" тэмцээн Казахстан улсын Астана хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
"The MongolZ" багийн хувьд энэ тэмцээний эхний тоглолтдоо Бразилын "FURIA", хоёр дахь учраандаа "MIBR" багийг буулган авснаар тойргийн шатанд хоёр хожилтой болсон билээ.
Ийнхүү шөвгийн наймд шалгарахын төлөөх гурав дахь тоглолтоо өнгөрсөн оны дэлхийн аварга Украины "Natus Vincere" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 2:0-оор хожлоо.
Өнөөдрийн тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон "Inferno map" дээр хамгаалах талаасаа эхэлж, 4:8-аар байраа сольсон. Улмаар довтлох талаасаа өөрсдийн төлөвлөгөөгөө сайн хэрэгжүүлснээр 13:11 онооны харьцаатай ялалт байгуулав. Манай багийн AWPer буюу "мэргэн буудагч" 910 тус "map" дээр 17 kill хийж, бусад тоглогчдыг тэргүүлсэн юм.
Үргэлжлүүлэн "Natus Vincere" багийн сонгосон "Mirage map" дээр довтлох талаасаа эхлүүлж хоёр үеийн давуутай байраа сольсон. Харин хамгаалах талаасаа сайн хамгаалж, 13:11-ээр ялалт байгуулав. "The MongolZ" багийн шөвгийн наймын учраа одоогоор тодорхой болоогүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!