• 6 сарын 14, Бямба

Х.Баасанжаргал: ТББ гэдгээр халхавчлан ашгийн төлөө явуулж буй зарим үйл ажиллагаа, тухайлбал хувийн сургуулийг ялгаж хэрэглэх хэрэгтэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн Эрх Ашгийн Сангаас Цогц Хөгжлийн Үндэсний Төв болон Монгол Улсын Их Сургуультай хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.


- Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хөдөлгөөн, нөлөөллийн ажил өрнүүлж байсан идэвхтэй оролцогчийн хувьд та иргэний нийгмийн хөгжлийн асуудлыг юу гэж дүгнэх вэ?

-УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд гээд бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх бүх түвшиндээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнтэй хамтран шийдвэр гаргах нь олон талын ач холбогдолтой. Гэхдээ юуны өмнө Иргэний Нийгийн Байгууллага (ИНБ)-ыг зарим нэг Төрийн Бус Байгууллага (ТББ)-аас ялгаж тайлбарлах практик шаардлага байгааг хэлэх нь зөв.

ТББ гэдгээр халхавчлан ашгийн төлөө явуулж буй зарим үйл ажиллагаа, тухайлбал хувийн сургуулийг ялгаж хэрэглэх хэрэгтэй. Гэтэл нийтийн эрх ашгийн төлөө, объектив эрхийг хамгаалж үйл ажиллагаа явуулдаг ИНБ, ТББ энэ дунд бүдгэрэх хандлагатай. Нөгөө талаар төр эсхүл баялагт бүтээгчдийг дэмжих гэдэг хүрээг хэт баривал нийгмийн чухал гагнаас капиталыг бий болгож буй ИНБ орхигдох аюултай. Тиймээс ИНБ-ын хөгжлийн асуудлыг ярихдаа л хүрээ хязгаар, зарчмаа зөв тодорхойлохоос эхэлнэ.

Яг одоо ИНБ-д урьд өмнө байгаагүй томоохон сорилттой нүүр тулж байгаагийн зэрэгцээ нөгөө талаар энэ нь төртэй “зөв” хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зөв цэг ч байж мэднэ. Гадаад хүчин зүйлтэй холбоотой олон улсын харилцаа, бодлогод гарч буй одоогийн энэ өөрчлөлт, Трампын бодлогод хамгийн түрүүнд ИНБ-д өртөж байх шиг. Тиймээс сорилт гэж хэлж болно. Нөгөө талаар төрийн зүгээс ИНБ-уудаа “түнш” гэж харах цаг нь юм.

Сүүлийн үед баталж буй хууль тогтоомжуудад иргэний оролцоог илүү нэмэгдүүлэх, иргэний оролцооны үр нөлөөтэй механизмуудыг хуульчилж байгаа нь хөгжлийн хувьд дараагийн түвшинд хүрэхэд түлхэц болох болов уу гэж найдаж байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийн асуудалд анхаарч байж энэ механизм ажиллах учиртай.

- Та өнөөгийн Монголын нийгмийн хүрээнд “нийтийн эрх ашиг” хэмээх ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ?

- Хуульч хүний хувьд хууль зүйн талаас, тэр дундаа шүүхэд хандах эрхийн хувьд авч үзвэл одоогоор 4 төрлийн асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс шүүхийн түвшинд шийдэж байна. Хүүхдийн эрх, Хүрээлэн байгаа орчин, Нийтийн өмч, Нийтийн эрүүл мэнд. Гэхдээ бусад асуудлыг нийтийн эрх ашиг биш гэж тодорхойлж болохгүй, зөвхөн шүүхийн түвшинд өөрийн эрх ашигт хамааралгүй атлаа бусдын өмнөөс маргах боломж нь одоогоор энэ 4 асуудлыг авч үзэж байгаа.

Нийтийн эрх ашгийг дээрх байдлаар тодорхой асуудлаар, тодорхой түвшинд хуульчлахаас гадна маш өргөн хүрээнд ерөнхий зарчмаар нь илүү хөгжүүлэх ёстой. Иргэдэд тэдний үнэт зүйлс, итгэл үнэмшил, иргэний харилцааны хэм хэмжээ, ардчиллыг таньж мэдэх, илэрхийлэхэд туслах хамгийн чухал механизм гэж хардаг.

Ялангуяа орон нутгийн түвшинд анхаарах ёстой асуудал болжээ гэж сүүлийн үеийн хэд хэдэн кэйс дээр хараад байгаа.

- Монголын иргэний нийгмийн байгууллагууд бодлого тодорхойлох, хяналт тавих түвшинд бодитой нөлөө үзүүлж чадаж байна уу?

- Тодорхой хэмжээнд бодитой нөлөө үзүүлж чадаж байгаа. Гэхдээ төрийн зүгээс түнш гэж хараад, илүү дэмжиж хамтарч ажиллавал маш сайн нөөц, потенциал ИНБ-д байгаа гэж би хувьдаа хардаг.

Тухайлбал сүүлийн үед Засгийн газрын хуралдаан орон нутагт зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаанд оролцож байгаа ИНБ, ТББ-ын төлөөлөл нь ихэвчлэн бизнесийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ТББ-д (МҮХАҮТ, Аялал жуулчлалын холбоо г.м) оролцож, түүнийг ИНБ-ын оролцоог хангалаа гэж тайлагнах байдал ажиглагдаж байна.

Гэтэл яг тухайн нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, дуу хоолой нь болж оролцож буй ИНБ төдийлөн байсангүй. Ийм ИНБ, ТББ-ыг орон нутгийн үйл ажиллагаа явуулах орон зайг олгож, тодорхой хэмжээгээр дэмжиж, хамтын ажиллагаа зайлшгүй үүсгэх шаардлагатай.

Хэрэв Булган аймагт болсон Засгийн газрын хуралдаанд хүний эрхийн ИНБ-д оролцоод тухайн аймагт тулгамдаад буй аюултай хог хаягдлын талаар хөндсөн бол илүү үр дүн гарах байлаа гэх мэтээр харж, төр өөрийн олж харахгүй байгаа, ажиллаж чадахгүй байгаа тэр орон зайгаа ИНБ-д тавьж өгөх л юм бол манай ИНБ-д маш их нөөц байгаа гэж дүгнэсэн.

- Улс төрчдийн зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй, гаднын гар хөл хэмээн цоллож, хязгаарлах оролдлого хийх нь ихэссэн. Улс төрчдийн энэ хандлагын тухайд таны байр суурь?

- УИХ-д орж ирэхээс өмнө энэ үзэгдэл ажиглагдаж байсан тул илүү улс төрчид буруу ойлголттой байдаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл дотор нь орж ирээд ажиллахад энэ хандлага, ойлголт төрийн алба хаагчдын дунд илүү түгээмэл байдаг нь илүү их мэдрэгдэж байна. Төрийн алба хаагчдын зүгээс ажилд нь илүү саад болно, төвөг удна гэж хараад байгаа нь олон жишээн дээр илт харагдаж байгаа. Тэгэхээр үүнийг засах, өөрчлөх л хэрэгтэй. Бидэнд олон сайн жишээ байгаа.

"Орон нутгийн түвшинд иргэдийн оролцооны талаар ойлголт тун тааруу, ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхын асуудал маш чухал байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг ажил хэрэг болгох асуудал ямар явцтай байна вэ? Мөн та хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж байгаа, энэ үйл явцын тухайд?

- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөл, хугацааг нарийвчлан зохицуулсан тул төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлахад амаргүй байх болов уу. Хүний эрхийг хангах үндэсний 2-р хөтөлбөрийн эхний төслийг ХЭҮК-ын зүгээс боловсруулаад ХЗДХЯ-д 2024 оны 11 сард хүргүүлсэн.

ХЗДХЯ-ны хувьд уг төсөл дээр ажиллаад 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлого гэж тодорхойлон хөтөлбөрийн дараагийн төслийг бэлтгэн манай ажлын хэсэгт ирүүлээд байна. Одоо манай ажлын хэсэг хөтөлбөрийг илүү үр дүнд суурилсан, шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлсон арга зүйд үндэслэн сайжруулах ажлыг хийхээр ажиллаж байна. Мөн хөтөлбөр дээр ажиллаж байх явцдаа хэлэлцүүлэг, саналыг ИНБ, ТББ-ын оролцоо, хамтын ажиллагаанд суурилан өргөн хүрээнд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. 

- Бодлого боловсруулагчийн хувиар "иргэдийн оролцооны түвшнийг 5 жилийн дотор 2 дахин нэмэгдүүлэх" зорилт тавьсан гэж төсөөлбөл та хамгийн түрүүнд юу хийх вэ?

- Орон нутагтай юуны өмнө ажиллана. Орон нутгийн түвшинд иргэдийн оролцооны талаар ойлголт тун тааруу, түүнчлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэх ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхын асуудал маш чухал байна.

2022 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид бүрэн хэрэгжүүлээгүй атлаа хуучнаа санагалзах байдлаар зарим нэг зохицуулалтуудад өөрчлөлт оруулах санал гараад эхэлсэн нь харамсалтай.

Энэ хууль Үндсэн хуулийн дараа орох чухал хууль. Иргэний оролцооны хамгийн анхан шат болох багийн иргэдийн хурлын асуудлыг зохицуулж буй. Бид хамгийн анхан шатандаа л иргэдийн оролцоог бий болгохгүй бол цаашид удирдлага улам л төвлөрсөн хандлагатай болно.

Үүний тод илрэл нь багийн хурлын ирц хүрэхгүй байх, иргэд багийн хуралдаа оролцохгүй, идэвх оролцоо муу байгаа гэдэг асуудал юм. Энэ бол иргэдийн буруу биш өнөөг хүртэл анхан шатан дахь иргэдийн оролцоог чухалчилж байгаагүй төрийн буруу л гэж харах ёстой.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа