Ирээдүйн мэргэжлээ сонгох боломж олгох төрөлжсөн ахлах сургууль хамран сургах тойрог харгалзахгүй сургахтай холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр хүргэлээ.
Энэ талаар "2025 он гарсаар Боловсролын Яамнаас судалгаа хийж, холбогдох хүмүүстэй олон талаас шүүн хэлэлцсэний үр дүнд нэг шийдвэр гаргасан.
Энэ бол төрөлжсөн ахлах сургуультай болох явдал. Тэгвэл төрөлжсөн ахлах сургууль юугаараа ялгаатай юм бэ?
Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролын сургуультай зэрэгцсэн хэлбэрээр байгуулагдана.
Хүүхдүүдэд сонголтыг бий болгож байна гэсэн үг. Есдүгээр ангиа төгсөж байгаа сурагчдаас ирээдүйнхээ мэргэжлийг эртхэн сонгохыг шаардаж эхэлж байна гэсэн үг.
Багш нарын үүрэг зөвхөн мэдлэг заадагт биш, хүүхдийн амьдралыг нь чиглүүлж өгдөг хүмүүс болж хувирах суурь шинжтэй өөрчлөлт" гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн "Ахлах сургуулийг хамран сургах тойргоос нь гаргаж, сонголтын хэлбэр рүү оруулж ирснээрээ 1-12 дугаар анги хүртэл нэг сургууль руу чихэж, 40-өөс дээш сурагчтай бүлэг дүүргэлттэй байдаг үзэгдэл өөрчлөгдөнө.
Хүүхдүүд өөрсдөө мэргэжлээ сонгож, энэ чиглэлээр чадамжаа эзэмшиж эхэлснээр 18 наснаасаа хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжтой болно. Энэ нь хүүхдүүдийн өөрсдийнх нь сонголт болно гэсэн үг.
Их, дээд сургуульд элсэх үү эсвэл мэргэжлээрээ ажиллаад гэр бүл зохиогоод явах уу гэдэг нь тэдний сонголт. Үүний зэрэгцээ төрөлжсөн сургуулиудтай болох үүд хаалга нээснээр боловсролын чанар сайжирна. Улмаар их, дээд сургуулиудын элсэлтийн чанар дээшилнэ.
Тухайлбал
Энэ бол иргэдийн өмнө, ирээдүйгээ авч явах хүүхдүүдийн өмнө сонголт бий болгож буй бодлогын орчин.
Боловсролын ерөнхий хуулиар Төрөлжсөн ахлах сургуулийг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрх зүйн орчин бүрдсэн.
Төрөлжсөн ахлах сургууль нэг ээлжтэй байна. Лаборатори болон бусад мэргэжлийн чиглэлээр олгодог бүхий л тоног төхөөрөмжийг төрөөс хангаж ажиллуулна.
Өнөөдөр хүүхдүүд “Би хэн бэ”, “Би ямар мэргэжилтэй болох вэ”, “Би ямар зүйлд авьяастай байна вэ”, “Мэргэжлээ яах вэ” гэдгээ эртхэн бодож эхлэх юм.
Сургуулиа төгсчхөөд сандраад гүйх биш суралцаж байх хугацаандаа өөрийнхөө чиг хандлагыг тогтооно. Энэ бол чанарын шинжтэй өөрчлөлт" гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|