GUYS хамтлаг “Сургууль минь баяртай” нэртэй анхны задгай талбайн тоглолтын талаар мэдээлэл хийлээ.
Хамтлагийн залуус энэ сарын 31-ны өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park буюу хуучнаар HIT Park-т хийхээр зарлаад байна. 2008 онд гарсан "My UB" цомогт багтсан "Сургууль минь баяртай" дуу гарсан цагаасаа хойш төгсөлтийн баяр бүхэнд дуулагдан хөнгөн гуниг, аз жаргал мэдрүүлж, дурсамж хөглөсөөр ирсэн.
Тиймээс ч энэ удаагийн тоглолтынхоо нэрийг өгчээ.
Тоглолтын талаар тус хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал "Задгай талбайд тоглолт хийх нь бидний мөрөөдөл байлаа. Тиймээс манай хамтлаг 28 жилийнхээ ой дээрээ уг мөрөөдлөө биелүүлж байна. Манай тоглолт гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь амьд хөгжимтэй явах бол дараагийнх нь хайрын дуунуудаар үргэлжилнэ. Гуравдугаар хэсэгт нь Best of best буюу хит дуунуудаа хүргэх юм.
Өмнө нь хэлсэнчлэн 28 жилийнхээ ойг тохиолдуулж байгаа тул тоглолтод манай хамтлагийн үе үеийн хит болсон 28 дуу эгшиглэх болно гэдгийг дуулгая.
Манай тоглолтын ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир ажиллах юм. Тиймээс илүү шинэлэг тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Мөн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Event X" компани бидэнтэй хамтарч буй.
Та бүгд мэдэж байгаа. Манай хамтлагийнхан бүгд мэргэжлийн жүжигчид. Тиймээс жинхэнэ мэргэжлийн цогц уран бүтээлийг толилуулна" гэв.
Түүний дараа хамтлагийн ахлагч Д.Лхагва "Тоглолтынхоо нэрийг "Сургууль минь баяртай" гэж өгсөн нь их учиртай. Энэ дуу маань 2008 онд гарснаасаа хойш 17 жил бүх оюутан залуус, төгсөлтийнхний зүрх сэтгэл, дурсамжийг хөглөдөг дуу болжээ. Хүн бүр оюутан цагийг өнгөрүүлдэг. Тиймээс оюутан цагийн дурсамж хүн бүрийн сэтгэлд байдаг учраас энэ тоглолтоо нэрлэсэн.
Тоглолтод биднээс гадна зочин уран бүтээлчид ирж оролцоно. Манай тоглолт тавдугаар сарын 31-ний 15:00 цагаас эхэлнэ.
Манай хамтлаг анх 1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ өдөр бол манай хамтлагийн гишүүн Л.Мөнхөөгийн төрсөн өдөр. Хүмүүс хамтлагийн гишүүн М.Мягмарыг энэ тоглолтод оролцох эсэхийг их асууж байна. Хэдийгээр М.Мягмар тодорхой шалтгааны улмаас энэ тоглолтод оролцохгүй ч манай хамтлагт хоёр баргил хоолойтой дуучин байдаг. Л.Мөнхөө маань бидэнд хэрэгтэй байгаа тэр дуу хоолойг үзүүлнэ" гэсэн юм.
Мөн хамтлагийн дуучин А.Төгсбаяр "Дуу бүр дурсамж дагуулдаг. Манай хамтлагийн дуунууд бол хэн нэгнийг буруутгасан, ёс бус үг ашигладаггүй. Тиймээс гэгээлэг, хөгжимлөг тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Сургуультай холбоотой дурсамжаа сэргээх хүсэлтэй хүн бүрд нээлттэй" гэлээ.
Тус хамтлагийн дуучин М.Мягмар гэр бүлийнхээ хамтаар гадаадад ажиллаж, амьдрах болсон тул энэ тоглолтод оролцохгүй аж. Тус хамтлаг 2027 онд 30 жилийнхээ ойгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тавуулаа хамт тоглолтоо хийхийг хүсэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!