• 6 сарын 14, Бямба

О.Алтангэрэл: Үндсэн хуульд залуу нь үнэн, ахмад нь худлаа гэсэн юм байхгүй. Бүгд л жагсаж цуглах эрхтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Д.Сүхбаатарын талбайд өчигдөр "Огцрох Амархан" болон "Ухаа худгаа авъя" гэх хоёр жагсаал зэрэгцэн болсон. 

Эдгээр жагсаал зөвшөөрөлтэй эсэх, мөн залуус үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байхад зэрэгцэн төлбөртэй жагсаал хийлээ гэх зэрэг асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Өөрсдийнхөө зохион байгуулж байгаа, эсвэл дэмжиж байгаа жагсаалаа органик гэж үзээд өөр хүмүүс жагсаал хийхээр хууль бус гэж үздэг байдал бий. 

Түрүүнд нь болж байсан жагсаал нь албан ёсны зөвшөөрөлгүй. Үүнд цагдаагийн байгууллага хөндлөнгөөс хараад, үйл ажиллагаанд нь ямар ч саад учруулахгүй байгаа. Хажууд нь дахиад иргэд гараад ирэхэд хөгшин хүмүүс байна, эд нар худлаа жагсаж байна гээд байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд залуу нь үнэн, ахмад нь худлаа гэсэн юм байхгүй. Үндсэн хуульд 18 настай хүн, 68 настай хүн яг ижил эрхтэй. Бүгд л жагсаж цуглах эрхээ эдлэх эрхтэй. Ухаа худгаа авъя гэсэн ч, өөр бас шаардлага тавьж байгаа нь ч жагсаж цуглах эрхтэй.

Улсын Их Хуралд өргөн баригдсан Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль дээр хэд хэдэн жагсаалыг нэг дор зохион байгуулж болно гэж тусгасан" гэв.