Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг хэлэлцэн, улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан.
Хууль хэрэгжиж тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй.
Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаанбуудайн гурил үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуй болон тэжээлийн үйлдвэрлэл түүнчлэн, тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг бий болгож байгааг салбарын сайд мэдээлж байсан.
Иймээс, хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг үндэслэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай горимоор дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!