Тавдугаар сарын 24-ний Бямба гарагт буюу автомашингүй өдөр 06:00-18:00 цагийн хооронд ХААГДАХ замууд
Гурав хоногийн дараа буюу энэ долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн гараа төв талбайгаас эхэлнэ. Уг өдөр нь автомашингүй байх юм.
Марафоны үеэр зам хаах байршлын талаар Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Тавдугаар сарын 24-нд болох Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалтын бүсчлэлийг танилцуулъя.
- Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл
- Цэцэг төвийн уулзвараас Зоос гоёлын уулзвар буюу Улаанбаатар шилэн банкнаас Сансрын И мартын уулзвар
- Сансрын И мартын уулзвараас урагш Бөхийн өргөө
- Бөхийн өргөөнөөс зүүн тийш Зүүн дөрвөн зам
- Зүүн дөрвөн замаас Халдвартын эмнэлэг буюу Нарантуулын уулзвар
- Нарантуулын уулзвараас зүүн тийш Өгөөмөр захын гэрлэн дохиотой, шинэ нүхэн гарц хүртэл
- Нүхэн гарцаас Дүнжингаравын зам хүртэл
- Дүнжингаравын замаас зүүн тийш чигээрээ Улиастайн уулзвар
- Улиастайн уулзвараас урагш дугуйн зам буюу Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар чигээрээ яваад баруун тийш Маршалын уулзвар буюу Их Монгол плазагийн хойд уулзвар хүртэл
- Их Монгол плазагийн хойд уулзвараас Хоме плаза буюу Гандигийн гудамж
- Гандигийн гудамжнаас Олимпын гүүр
- Олимпын гүүрнээс ГХЯ-ны уулзвар
- ГХЯ-ны уулзвараас төв талбай хүртэл гүйлтийн зам бөгөөд хязгаарлалтын бүс байна.
Хязгаарлалтын бүс дотор автомашин болон цахилгаан скүүтер, унадаг дугуй, мотоцикл, мопед явуулахгүй. Өмнөх жилийн гүйлтийн үеэр цахилгаан хөдөлгүүртэй хэрэгсэлд бага насны 3-4 хүүхэд мөргүүлж гэмтсэн учир цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслийг хориглож байгаа юм.
Энэ жилийн марафоны зам олон гудамж талбайг хамарсан бөгөөд гадаадын 30 гаруй гүйгч оролцох онцлогтой. Марафоны үеэр цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөний зохион байгуулалт хийж ажиллана.
Иргэд гэр бүлээрээ нэг өдөр автомашинаас татгалзаж, эрүүл мэнддээ цаг зав гаргахыг уриалж байна" гэж өнөөдөр/2025.05.21/ мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
