Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Дашчойлин” хийдийн баруун талын Эмийн үйлдвэрийг албадан нурааж, газрыг нь ₮9.3 тэрбумаар зарлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3,150 ам метр газрын дуудлага худалдааг өнөөдөр/2025.05.21/ нээлттэй зохион байгууллаа. Уг байршилд байсан НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа Эмийн үйлдвэрийн 73 жил болсон барилгыг албадан нурааж, газрыг нь зарж байна.

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнхбаатар Өнөөдрийн дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулах ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан юм.

Дуудлага худалдаагаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун талд 3,150 м.кв газрыг үйлчилгээтэй, орон сууц барих зориулалтаар худалдана.

Энэ жил 55 байршилд дуудлага худалдаа зохион байгуулна" гэв.

Тус байршил нь төвийн шугамд холбогдох боломжтой бөгөөд 200 метрийн зайд сургууль, 100 метрийн зайд автобусны буудалтай. Нийт газрын 50%-д барилга барих боломжтой байна.

3,150 м.кв газрыг дуудлагаар худалдах анхны үнэ нь 443,520,000 төгрөг байв. Дуудлага худалдаанд 28 санал ирүүлснээс 27 иргэн, аж ахуйн нэгж оролцож, "Эхлэл брэнд" ХХК 9,323,520,000/9.3 тэрбум/ төгрөгөөр үнийн саналыг хэлснээр худалдаж авлаа. Уг мөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм байна.

Тухайн газрыг худалдаж авсан иргэн, хуулийн этгээд нь долоон хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө тушааж, албан ёсоор газраа эзэмших эрхтэй болох аж. 

Дуудлага худалдааны явцыг баримтжуулан бичлэг хийдэг бөгөөд хөндлөнгийн ажиглагч оролцож байгааг танилцуулсан юм.