УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХҮН нам хамтарсан Засгийн газарт орсноор орон нутгийн сонгуулийг алдсан, сөрөг хүчин байх ёстой байсан гэсэн шүүмжлэл байдаг.
Хэрэв ХҮН нам хамтарсан Засгийн газарт ороогүй бол маш хүчтэй сөрөг хүчин байх байсан. Орон нутагт илүү олон суудал авах байсан. Гэхдээ энэ бол ХҮН намын эрх ашиг юм. Монгол Улсын эрх ашиг биш байсан. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд би хүчтэй сөрөг хүчин байсан. Т.Доржханд гэдэг хүн хувь болон намын дэмжлэгээр бус Монгол Улсын эрх ашигт хатуу байр сууриа нэгтээд явсан.
Трампын тариф дэлхий ертөнцийг донсолгож байна. 3.5 сая хүн амтай Монгол Улс бүү хэл 300 сая хүн амтай, өөр өөрийн хилтэй улсууд нэгдэж явж байгаа. Ингэж байж хүнд сорилтыг давах юм байна гэж байна.
УИХ-д хамгийн олон суудал авсан улс төрийн гурван хүчин улс орны эрх ашгийг урдаа тавьж байгаад нэгдсэн нь дэлхийд болж буй үйл явдал дунд бид маш зөв сонголтыг хийсэн гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй байгаа.
МАН-ынхан хариуцлагатай байцгаа. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархдаг. Тэгвэл одоо та нарын өмнө Монгол Улсын эрх ашиг байгаа юм уу, намын эрх ашиг байгаа юм уу. Дэлхий ертөнц үймээд явж байгаа тохиолдолд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадахгүй гэж бодож байна. Та нар 68 суудалтай. Гэхдээ 68 суудал чинь бүгд ирээд санал өгч чадахгүй гэж бодож байна.
ХҮН намын зүгээс манай улс ардчилсан, иргэд нь үзэл бодлоо илэрхийлдэг, эдийн засгийн эрх чөлөөтэй байгаасай гэж ийм шийдвэр гаргасан. Ийм тогтолцоо баруун Европт байдаг.
Би Ардчилсан Намыг шүүмжилмээр байна. Ардчилсан Нам бойжих хэрэгтэй. Намын дарга нь гарын үсэг зурж, олонхоороо шийдвэр гаргаад хамтарсан Засгийн газар үүсгээд явна гэснээ зарим гишүүн нь "Бид сөрөг хүчин байх нь зүйтэй юм. Тиймээс Засгийн газраас гар" гэж байна.
"Бид эрх чөлөөтэй нам, эрх чөлөөний үзэл манай намын үндсэн тунхаг юм. Тиймээс бид дуртай зүйлээ хаана ч ярьж болно" гэж хандаж байгаа нь асар буруу жишиг. Яагаад гэвэл эх оронч үзлийн доор нуугдаж байгаад том төслүүдийг гацаадаг байсан. Одоо бол эрх чөлөөний үзэл доор халхавчилж байгаад олонхынхоо шийдвэрийг дагадаггүй, зөвхөн хувийнхаа эрх ашгийг дагадаг байж болохгүй.
Улс төрч хүн магтуулдаггүй. Гэхдээ Монгол Улсын эрх ашгийн талд байх ёстой. ХҮН намын даргын хувьд хамтарсан Засгийн газарт ХҮН нам байх эсэхээс үл хамаараад хамтарсан Засгийн газар цаашдаа явах ёстой. Цаашдаа ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газар байх ёстой гэдэгт ХҮН нам хатуу байр суурьтай байна.
ХҮН намын нэг гишүүн талбай дээр очоод гарын үсэг зурсан. ХҮН намын зүгээс хариуцлага тооцно гэдгээ хэлсэн.
Хэрэв дүрмийн бус, хууль бус зөвхөн өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал хариуцлагатайгаар хэлье жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Та нар улсынхаа эрх ашгийн төлөө биш бол дараагийн үе гарч ирээд хариуцлага тооцно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!