Үндэсний үүрэн оператор Скайтел групп шинэ үеийн 5G сүлжээг нэвтрүүлэх зөвшөөрлөө авч 5G сүлжээг үйлчилгээнд нэвтрүүлээ. Ингэснээр хэрэглэгчдэд 4G сүлжээнээс 20-100 дахин өндөр хурдаар хөдөлгөөнт интернэт ашиглахаас гадна амьдралын хэв маягаа өөрчлөх, технологийн шинэ эрин рүү шилжих алхмыг эхлүүллээ. Скайтел групп өнөөдрийн байдлаар орон даяар бүх сум суурин газарт 4G LTE сүлжээгээ нэвтрүүлж орон нутагт интернэт ашиглах боломжийг бүрдүүлсэн. Цаашид Монгол орон даяар 5G сүлжээг тэлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.
5G сүлжээ нь хувь хэрэглэгчийн хэрэглээг хурдасгахаас гадна тээвэр, уул уурхай, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт автоматжуулалт, IoT ашиглах суурь дэд бүтэц болох юм. Скайтел групп 5G сүлжээг бүх хэрэглэгчдэд санал болгохоос гадна хиймэл оюун, програм хангамжийн шийдлийг нэгтгэн байгууллагын үйл ажиллагааг дижиталчлах, улмаар бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.
“СКАЙтел” группийн Гүйцэтгэх захирал Г.Амарчингүн:
5G сүлжээ бол технологийн шинэ эриний эхлэл юм. 5G сүлжээ Монгол улсад нэвтэрснээр дэлхийн томоохон гүрнүүдэд байрших үүлэн технологи, хиймэл оюун ухааны дата төвүүдтэй холбогдох, дараагийн технологийн шийдлүүд, шинэчлэлтийг гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. Энгийнээр хэлэхэд бид хиймэл оюун ухааныг 5G сүлжээний тусламжтайгаар бүрэн ашиглах боломжтой болж байна. Тиймээс энэ бол зөвхөн хурд биш амьдралын хэв маягаа хурдасгах хөдөлгүүр, технологийн цоо шинэ үеийн эхлэл болж байна.