Энэ жил Монгол Улсад авто тээврийн салбар үүссэний 100 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд зорчигч тээврийн автобус паркт шинэчлэл хийх зорилгоор хувийн хэвшлийнхэнтэй цуг БНХАУ-ыг зорьсон юм.
Нийслэлийн нийтийн тээвэрт энгийн 600, угсраа 31 автобус явж эхэлснээр тус компанитай хотын иргэд хэдийнээ танилцсан билээ. Энэ онд 10 автобусыг худалдаж авч, хот орчмын буюу Багахангай, Багануур дүүрэг болон "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд явуулж эхэлсэн.
Гэхдээ хот хооронд төдий л танил бус. Эрс тэс уур амьсгалтай, элдэв саад бэрхшээл ихтэй манай улсын хот хооронд эдэлгээ хэр болох нь олон хүний анхаарлыг татах нь зайлшгүй.
Энэ эргэлзээг тайлах зорилгоор өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Увсаас Улаанбаатар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Түмэнд Нээлттэй Хязгаарынхан" компани хот хооронд явах зориулалттай нэг автобус худалдаж авч, туршилтаар явуулсан юм.
Увс аймгийн төв Улаангом хотоос Улаанбаатар хүртэл 1,360 км. Замын нөхцөл байдал, цаг агаар, хурднаас шалтгаалаад дунджаар 20-24 цаг зарцуулдаг. Өвлийн улиралд -30-аас -40 хэм хүрэх нь энүүхэнд. Мөн далайн түвшнээс дээш, уулархаг, өндөр даралттай тул хэт хүйтэн уур амьсгалтайд тооцогдоно.
Ийм нөхцөлд "Yutong" автобус зовлон багатай өвлийг давснаа тус компанийн удирдлагууд онцолсон.
Хувийн хэвшлийнхэн голдуу БНСУ-д үйлдвэрлээд ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн нийтийн тээврийг үйлчилгээнд ашигладаг. Үйлдвэрлэсэн оноос шалтгаалан автобусны үнэ ₮80 - ₮100 сая байдаг аж. Нэгэнт хэрэглээнд нэвтрээд тодорхой хэмжээнд элэгдэлд орчихсон тул Монголд авчраад ойролцоогоор ₮10 саяар засвар, үйлчилгээ хийлгэж байж үйлчилгээнд гарна. Эрс тэс уур амьсгалтай нөхцөлд автобусаа халаах, ямар нэг эвдрэл гарвал засах гээд жолоочид санаа тавих зүйл бишгүй олон бий.
Тэгвэл "Yutong"-д ийм бэрхшээл тулгараагүйг тэд ярьж байв.
Түүнчлэн "Эрдэм транс" компанитай хамтран Улаанбаатарт "ZK6116CHEVG" загварын хосолмол хөдөлгүүртэй автобусыг туршсан.
Энгийн түлш ашигладаг ижил төрлийн автобусыг бодвол өвлийн хахир цагт 30 хувь түлшний хэмнэлттэй, байгальд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлсэн юм.
Энэ талаар тус компанийн Монгол дахь менежер Е Бин "Монголын Засгийн газраас манай компанид итгэл үзүүлсэнд баяртай байна. Байгальд ээлтэй хосолмол автобусыг энэ онд илүү нийлүүлэхээр төлөвлөж буй. Мөн орон нутагт явах хот хоорондын автобус нийлүүлэхээр хоёр талаас ярилцсан.
Монголд 100% цахилгаан автобус явахад нийслэлд шаардлага хангагдсан. Харин хот хооронд цэнэглэгчийг хангалттай хэмжээнд байлгахгүй бол батарейн хүчин чадал нэг хотоос шууд нөгөө рүү очих хэмжээнд хүрээгүй байна. Одоогоор бүтэн цэнэгээр 250 км газар саадгүй явдаг. Тиймээс энэ хэмжээний газарт цэнэглэгчийг байрлуулах нь чухал юм. Бид батарейн хүчин чадлыг нэмэх тал дээр шинэ судалгаа хийж байна" гэж онцолжээ.
Төв Азийн улс орнууд онцлогтой. Тухайлбал Узбекистан халуун, хуурай уур амьсгалтай. Зундаа +35-аас +45 хэмд хэлбэлздэг төдийгүй Каракалпакстан, Бухара, Навоий орчмын газар нутаг нь Кызылкум цөлийн халуун хуурай бүс нутагт хамаардаг.
Тэгвэл Казахстаны Астана хот эрс тэс уур амьсгалтай хот гэдгээрээ Улаанбаатартай төстэй. Өвөлдөө -35 хэм хүрэх нь элбэг ч салхитай тул мэдрэгдэх температур илүү хүйтэн байдаг.
Хэдийгээр ийм ялгаатай уур амьсгалтай ч Төв Азийн бүс нутагт "Yutong" ноёрхож байна.
Казахстаны зах зээлд 2005 оноос хойш хятад тээврийн хэрэгсэл нийтийн тээвэрт нэвтэрч эхэлсэн. Өдгөө 6,200 гаруй нийтийн тээвэр болон хот хооронд "аялж" буй. Астана хотод 100 гаруй "E12" загварын цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тус улсын зах зээлд байр сууриа өргөжүүлэх явцдаа тухайн бүс нутгийн хэрэгцээ, онцлогт бүрэн нийцүүлж, тасралтгүй хөгжиж ирснийг зохион бүтээгчид онцолдог.
"Yutong" анх уламжлалт түлшээр ажилладаг автобусыг нийлүүлж байсан бол удалгүй Астанад зориулж тусгайлан зохион бүтээсэн 12 метр урт, хийн хөдөлгүүртэй 700 автобус зах зээлд нэвтрүүлсэн.
БНХАУ-ын Жэнжоу хотод "Enroute+" үйлчилгээний брэнд нэвтрүүлж байгаагаа зарласан юм. Уг үйлчилгээний үндсэн зорилго нь
Тодруулбал орон нутгийн мэргэжилтнүүдээр дамжуулан шуурхай засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох замаар тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээний зардал буурах юм. Онлайн оношилгоо, засварын удирдлагаар хангаснаар хамтын ажиллагаа илүү урт удаан хугацаанд хэрэгжинэ гэдгийг тус компанийн дэд ерөнхийлөгч Пен Сюй онцолсон.
"Yutong" компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй товч уулзалт хийх үеэр тус компанийн Төв Азийг хариуцсан захирал Юрий Лигээс цөөн асуултад хариулт авах боломж гарсан юм. Тэрбээр "Монгол бол манай хөрш улс тул бид онцгой анхаардаг. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврээ хөгжүүлэх нь чухал. Тухайн бүс нутагт аюулгүй, тав тухтай тээврээр зорчих нь иргэдийн хувийн автомашинаас татгалзах шалтгаан болно. Үүнийг дагаад хотын түгжрэл буурах юм.
Бидний хувьд Улаанбаатарт илүү шинэ технологи нэвтрүүлсэн тав тухтай автобус нийлүүлэхээр зорьж буй. Одоогоор нийлүүлсэн автобус бүгд түлшээр явдаг ч ирээдүйд "ногоон" болох нь тодорхой. Тиймээс үе шаттайгаар цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр төлөвлөж байна.
Хосолсон хөдөлгүүртэй (hybryd) автобус нь 30-40 хувь түлшний хэмнэлттэй байдаг тул тэр хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулах юм.
Хот хоорондын автобусны шинэлэг шийдлийг бид хайж байна. Монгол бол өргөн уудам газар нутагтай тул бүх үйлчилгээг нь шийдсэн автобус хэрэгтэй юм. Одоогоор Монголд ойролцоогоор 95 хувь нь Япон болон БНСУ-д үйлдвэрлэсэн хуучин автомашинууд голдуу байр суурь эзэлж буй. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг 100% хангаж чадахгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар манай компанитай хамтраад дунд, урт замын хот хоорондын автобусыг нийлүүлэхээр хичээж байна.
Түүнчлэн Монголын нөхцөлд тохирсон тусгай зориулалтын буюу сургууль, эмнэлгийн автомашин нийлүүлэхээр төлөвлөсөн" гэв.
Түүнээс Монголын нөхцөлд ямар технологи ашиглаж буй талаар асуухад "2023 онд Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхэд Нийслэлийн нийтийн тээврийн байгууллагын албаны төлөөлөгчид манай үйлдвэр дээр ирж танилцсан. Туршилтын үйлдвэрт -40 хэмийн хүйтэнд автобус асаах, моторын эд анги, хэвийн ажиллаж байгааг бодит амьдрал дээр харуулсан. Үүний дараа Улаанбаатар хотын захиргаанаас манай автобусыг худалдаж авах шийдвэр гаргасан.
Монголд ашиглаж буй автобусны резин, шланк, цавуу, будаг зэрэг нь эрс хүйтэн орчинд зориулж бүтээсэн.
Түүнчлэн гадна, доторгүй дулаалгыг өндөр түвшинд шийдсэн. Хамгийн сүүлийн үеийн халаагч систем ашигласан юм. Мөн Монголын хүйтэнд зориулж шилийг нь вакуумаар шийдсэн нь доторх дулааныг удаан хадгалахад чухал үүрэгтэй. Цахилгаан автобус ч гэсэн Астанагийн хүйтэн сэрүүн уур амьсгалд амжилттай туршсаныг онцлон дурдъя" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|