Сагсан Бөмбөгийн Аваргуудын Лиг (BCL)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 15-ныг дуустал үргэлжиллээ.
Дээд лигийн аварга "Хасын Хүлэгүүд" болон дэд аварга "Бишрэлт Металл" баг энэ удаагийн тэмцээнд хүч сорьсон юм. Улмаар тус хоёр багийн гэртээ хийх тус бүрийн гурван тоглолтыг энэ сарын 12-ноос 15-ныг дуустал "М арена"-д зохион байгуулав.
БАГУУД | ХОЖЛЫН ТОО | ОНОО |
Таоюан Пилотс | 6 | 12 |
Пелита Жайя | 4 | 10 |
Матрикс Дийрс | 1 | 7 |
Бишрэлт Металл | 1 | 7 |
БАГУУД | ХОЖЛЫН ТОО | ОНОО |
Хасын Хүлэгүүд | 6 | 12 |
Нью Тайпэй Кингс | 4 | 10 |
Хай Тек | 2 | 8 |
Адроит | 0 | 6 |
Хасагдах шат буюу "FINAL FOUR" энэ сарын сүүлээр буюу тавдугаар сарын 30-31-нд Монголд болно. Тодруулбал хагас шигшээ тоглолт энэ сарын 30-нд 18:00 цагаас хагас шигшээгийн эхний тоглолт болох Тайванийн "Таоюан Пилотс" болон "Нью Тайпэй Кингс" багууд өрсөлдөх бол 21:00 цагаас "Хасын Хүлэгүүд" болон Индонезийн лигийн аварга "Пелита Жайя" баг учраа таарна.
Улмаар хожигдсон хоёр баг нь гуравдугаар байрны төлөө 31-ний 18:00 цагаас өрсөлдөх бол шигшээ тоглолт 21:00 цагаас үргэлжлэх юм.
Шигшээд өрсөлдөх багууд ирэх зургаадугаар сарын 9-нөөс 15-ныг дуустал сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лиг (BCL)-т өрсөлдөх эрхээ авна. Энэ тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Филиппин болон баруун болон зүүн бүсээс шалгарсан тус бүр хоёр баг буюу нийт найман баг хүч үзнэ.
Одоогоор Филиппиний цомын тэмцээнд түрүүлсэн "Мералко Болтс" баг эрхээ аваад буй.
Түүнчлэн баруун бүсийн урьдчилсан шатнаас Арабын Нэгдсэн Эмиратын "Шабаб Аль Ахли", Саудын Арабын "Аль-Иттихад" баг шигшээд шалгарч, аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авчээ.
"Хасын Хүлэгүүд" багтай хагас шигшээд учраа таарсан Индонезийн "Пелита Жайя" баг 1988 онд байгуулагдсан. 2003 оноос хойш Индонезийн Дээд лиг болох IBL-д данстай болсон баг юм. Дээд лигийн хоёр удаагийн аварга (2017, 2024) баг.
Индонезийн нийслэл Жакарта хотын баг "Жайя" багийг тус улсын томоохон бизнесийн групп компани болох "Bakrie Group" ивээн тэтгэдэг.
Багийн ахлагч нь 32 настай холбогч Андакара Прастава бол лидер тоглогч нь АНУ-ын Жэймс Дикей, ЖаКуори МакЛаулин, Кэй Жэй МакДаньелс нар юм.
Өдгөө 32 настай Кэй Жэй МакДаньелс нь 2014 оны NBA-гийн драфтын №32-оор "Филадельфи 76" багт сонгогдсон. Тэрбээр 2021 он хүртэл хөгжлийн лигт тоглож байгаад Филиппин, Саудын Арабын багуудад зүтгэж, 2023 оноос Индонезийн багт тоглож буй.
Кэй Жий МакДаньелс урьдчилсан шатны таван тоглолтод оролцохдоо 20.4 оноо, 11.4 самбар дундажласан.Тэрбээр хэсгийн шатанд "Бишрэлт Металл" багийн эсрэг 15, 18 оноо авчээ.
Индонезийн багийн ахлах дасгалжуулагчаар NBA-гийн "Бостон Селтикс" багийн супер од Жэйсон Тэйтумын аав Жастин Тэйтум ажиллаж байна.
Өдгөө 46 настай Жастин 2023 оноос Австралийн "Ильяавара Хаукс" багт дасгалжуулагчаар ажиллаж, энэ онд багаа лигийн аварга болгосон билээ. Улмаар Австралийн лиг өндөрлөсөн тул Индонезийн багт дасгалжуулагчаар ирсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|