Индэр    
2025 оны 4 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголын Хөлбөмбөгийн Холбоо хаалттай хаалганы цаана "СОНГО УЙЛ" явуулав

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) нөхөн сонгуулиа хийлээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд таван хүн нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол" группийн Ц.Анандбазар, МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Б.Гарьдмагнай, Монголын Спортын Корпорацын спорт хариуцсан захирал С.Жаргал, "Khovd Broncos FC" багийн менежер Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ нар өрсөлдсөн юм.

Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFFA)-ноос эсэргүүцэл зарлаж байгаагаа мэдэгдсэн. Улмаар тэдний саналыг холбооны тэмцээн зохион байгуулах таван хэлтэс дэмжиж байгаагаа илэрхийлснээр лигийн тоглолтууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Тэд нэр дэвшигч Ц.Анандбазарыг эсэргүүцэж, сонгуулийн хороо болон хяналтын багийг чадамжгүй тул сонгуулийг хойшлуулах санал гаргаж байв.

Гэвч лигийн тоглолтоо хаяж, эсэргүүцлээ илэрхийлсэн тэдний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. 

Хаалттай хаалганы цаана...

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д 10:00 цагаас эхэлсэн сонгууль хэвлэлийнхэнд хаалттай боллоо. МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч М.Ганбаатарын хэлснээр сонгуулийг будилаантуулах эрсдэлээс сэргийлж, хэвлэлийнхэнд хаалттай болж байгаа аж. 

Улмаар сонгуулийг эсэргүүцэж байсан клубийн эзэд, тамирчдын төлөөллийг ч бас оруулсангүй. Аргаа барсан иргэд хамгаалагчидтай "хүчээ" үзэж, танхимын хаалга үүдийг эвдэн байж дотогшоо нэвтэрсэн ч хурал болж байгаа заалд нэвтрүүлээгүй юм. 

Сонгуулийн санал хураалт өндөрлөсний дараа сэтгүүлчдийг оруулна гэсэн ч тийм зүйл болсонгүй. Удирдах Зөвлөлөөс нэрээ татсан "Тоглогчдын Холбоо"-ны тэргүүн Д.Төрбат "Шударга бус сонгууль болж байгааг эсэргүүцэн нэрээ татлаа. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос төлөөлөл ирсэн. Орчуулагчтай оролцож байгаа тэд болж байгаа үйл явцад толгой сэгсэрсээр л үлдлээ. Тэдэнд хандаж үгээ хэлэх гэсэн ч хамгаалагч нар ойртуулахгүй байна" гэж ярьж байв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр үргэлжлүүлэн "Удирдах Зөвлөлийн нэр бүхий гишүүд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж, өөрсдийн саналаар огцрох хүсэлтээ өгсөн. Тиймээс Удирдах Зөвлөл чадамжгүй болсон ч үүнийг харгалзаж үзсэнгүй" гэдгийг онцлов.

Ц.Анандбазар 26, Б.Гарьдмагнай 18 санал авчээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуульд санал хураахаас өмнө таван нэр дэвшигчийн хоёр нь нэрээ татаж буйгаа зарлав. Нэр дэвшигч С.Жаргал, Ө.Алтай нар Б.Гарьдмагнайг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 

Ингээд гурван хүний дунд санал асуулга явуулахад Ц.Анандбазар 26, Б.Гарьдмагнай 18, Н.Болор-Эрдэнэ нэг санал авчээ. Санал өгөх эрхтэй 52 хүнээс тав нь түдгэлзсэн бол хоёр нь сонгуульд ирээгүй байна. 

Харин Удирдах Зөвлөлд нэр дэвшигчдээс Д.Батнасан хамгийн олон санал авлаа. Уг нь хоёр хүн зөвлөлөөс гарч байгаа ч шинэ ерөнхийлөгч сонгогдсонтой холбоотойгоор ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Жаргалсайхан Удирдах зөвлөлд орсон тул нэг хүн сонгогдсон гэсэн тайлбар өгчээ.

Ажил хаялт үргэлжлэх эсэхийг "Очир" зөвлөл шийднэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсүүд одоогоор ажил хаялт зарласан билээ. Үүний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдээр болох байсан лигийн 17 дугаар тойргийн тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл лиг зохион байгуулагч "Очир" зөвлөл ажил хаялтаа үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрээ танилцуулна. 

ФОТО