Курдийн зэвсэгт бүлэглэл Турк улсын эсрэг олон арван жил явуулсан тэмцлээ зогсоох шийдвэрийг зарлажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Курдистаны Ажилчны Нам (PKK) зэвсэгт байгууллага татан буугдаж байгаагаа Даваа гарагт зарласан нь Турк улсын эсрэг олон арван жил явуулсан салан тусгаарлах тэмцлээ зогсоосон түүхэн үйл явдал боллоо.

Курдийн асуудлыг “ардчилсан улс төрийн замаар шийдвэрлэх боломжтой” гэж үзсэний үндсэн дээр бүх үйл ажиллагаагаа зогсоож буйг PKK зарлажээ.

Тус байгууллагын 12 дугаар их хурлаас ийм шийдвэр гаргасан бөгөөд хэрэгжилтийг нь Туркийн шоронд хоригдож байгаа тэдний удирдагч Абдулла Ожалан удирдан зохион байгуулах гэнэ.

Гэхдээ уг шийдвэр нь Ирак, Сири, Иран дахь PKK-ийн бүх салбаруудад хамаатай эсэх, зэвсэг хураах үйл явцыг хэрхэн зохион байгуулах,  одоо идэвхтэй байгаа зэвсэгт дайчдын хувь заяа яаж шийдэгдэх талаар мэдэгдэлд дурдаагүй байна.

“Турк-Курдийн харилцааг сэргээх нь гарцаагүй” бөгөөд шийдвэрт “Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдал” нөлөөлснийг мэдэгдэлд тайлбарлажээ.

Мөн Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы засгийн газар болон бүх улс төрийн намуудад “хариуцлагаа ухамсарлаж, энх тайванч, ардчилсан нийгмийг байгуулах үйл явцад нэгдэх”-ийг уриалсан байна.

Туркийн ерөнхийлөгчийн тамгын газар PKK-ийн шийдвэрийг Эрдоганы удирдсан “Терроризмоос ангид Турк улс” байгуулах үйл явц хүчээ авч, чухал үе шатанд ирсний илрэл гэж тодорхойлжээ.

Мөн энэ үйл явцыг цааш үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.

Туркийн эрх баригч Шударга ёс, Хөгжлийн (AK) намын хэвлэлийн төлөөлөгч үүнийг “шинэ эриний эхлэл” байж магадгүй үйл явдал хэмээн сайшаажээ.

Турк улс 1978 онд Ожаланы байгуулсан PKK-тай бараг тавин жилийн турш дайтаж байгаа юм. Курд үндэстнийг салан тусгаарлах зорилготой энэ тэмцлийн ихэнх хэсэг Туркийн зүүн өмнөд нутагт өрнөж байлаа.

Гэвч сүүлийн жилүүдэд Турк доторх курдүүдийн өөртөө засах эрхийг нэмэгдүүлэх санааг PKK түлхүү ярих болсон байна.

Энэ оны гуравдугаар сард Ожалан өөрийн дайчдад зэвсгээ хураалгаж, тарахыг уриалсны дараа PKK нэн даруй гал зогсоох шийдвэрээ зарлаж байв.

Курдийн салан тусгаарлах тэмцлийн турш хамгийн багадаа 40,000 хүн амиа алдсан гэж үздэг.

PKK болон ерөнхийлөгч Эрдоганы хоорондын харилцаа тийм ч амар байгаагүй.

Засаглалынхаа эхний жилүүдэд Эрдоган курдүүдийн эрхийг нэмэгдүүлж, эх хэлээ хэрэглэхэд нь тавьсан хязгаарлалтыг цуцалж байв.

2013 онд тэр Курдийн хөдөлгөөнийг дэмжигч HDP намтай хэсэгхэн хугацаанд хамтран ажиллаж байлаа.

Гэвч энэ найрамдалт харилцаа 2015 онд нуран унаж, Турк улс PKK-ийн эсрэг тэмцлээ эрчимжүүлсэн юм.

Курд үндэстэн нь Турк улсын хамгийн том үндэстний цөөнх бөгөөд тус улсын хүн амын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг.

Мөн цөөнгүй тооны курд үндэстнүүд Сири, Иракийн хойд хэсэг болон Иран улсад оршин суудаг юм.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг