Ховд аймагт “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын тороос тасарч 11 хүн барилгаас унаж гурван хүн нас барсан талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Тавдугаар сарын 17-ны өдрийн 16:50 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн уналаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас бие бүрэлдэхүүн очиж хэргийн газарт ажилласан. Урьдчилсан байдлаар 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн орон сууцны зориулалтаар баригдаж буй барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаас болж гурван иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Тухайн хэргийн шалгалтын явцад тогтоогдож буй нөхцөл байдлаас хамаараад хэрэгтэй холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэнэ. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Олон нийтийн сүлжээгээр зөрүүтэй тоон мэдээлэл явсан. Гурван иргэн нас барсан, гурван иргэний биеийн байдал хүнд, ухаан ороогүй байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна. Үлдсэн таван иргэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ аваад эмчлүүлж эхэлсэн.
Уг барилга нь таван давхар бөгөөд 40 айлын орон сууцны зориулалтаар баригдаж байсан гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал давхар яригдана. Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг нарийн зохицуулж өгсөн байдаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|