Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Анхтуяа: Түймрийн эрсдэлийн үнэлгээг жил бүр хийж, орон нутгийн ЗДТГ-т мэдээллийг хүргүүлдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ.  

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа "Бид жил бүр түймрийн эрсдэлийн үнэлгээг хийдэг.

Энэхүү эрсдэлийн үнэлгээг гуравдугаар сард хийхдээ түймрийн эрсдэлтэй бүс нутгуудыг тодорхойлж, улмаар орон нутгийн Засаг даргын Тамгын газрууд болон бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг.

Уг эрсдэлийн үнэлгээний дагуу тухайн аймаг орон нутгаас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч ажиллах ёстой.

Энэ жил гаргасан зургаас харвал Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт ой хээрийн эрсдэл өндөр байсан. 

Бид ой хээрийн түймрийн голомтын байршлыг харьцуулж үзсэн. Өөрөөр хэлбэл эрсдэлийг зөв үнэлж чадсан эсэхээ дахин харьцуулсан гэсэн үг. 

Аюултай буюу эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн газар нутагт нийт түймрийн 30 хувь нь гарсан байна.

Өндөр эрсдэл бүхий нутагт 60 хувь, дунд эрсдэл бүхий газар нутагт найман хувь, бага эрсдэлтэй газар нутагт хоёр хувь нь тус тус тохиолдоод байна. Бидний гаргаж буй эрсдэлийн үнэлгээ зөв гарч байна.

Иймд энэхүү эрсдэлийн үнэлгээний дагуу аймаг орон нутаг болон хувь иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авч ажиллах нь чухал. Хуурайшилтын зэрэг буураагүй байгаа. Аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэйг дахин анхааруулъя" гэлээ