Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичигт 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүнээс үүдэж иргэд Төв талбайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагсаж байгаа билээ. 

Мөн түүнийг огцрохыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг Төв талбай дээр цуглуулж эхэлсэн байна. Энэ үеэр Ч.Лодойсамбуу тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн үзэл бодлоо илэрхийлэн гарын үсэг зурсан. 

Гэвч Засгийн газар огцрох эсэх нь Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал. Төв талбай дээр иргэд эсэргүүцэж жагслаа гээд Засгийн газрыг огцруулна гэх зүйл заалт хараахан Үндсэн хуульд байхгүй. 1990 оноос хойш иргэдийн жагсаал, саналаар огцорсон Засгийн газар байхгүй. Ерөнхий сайд өөрөө хүсэлтээ өгсөн эсвэл УИХ-ын нийт гишүүний олонх нь дэмжсэн гэсэн хоёр үндэслэлээр л огцорч байв.

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Засгийн газрыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ёс зүйн өндөр хариуцлага нэхэж, өөрийн хүсэлтээр огцрохыг хүлээх нь хэцүүхэн зүйл болоод байна. Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт тэрбээр хүүгийнхээ орлогыг нотолно гэж мэдэгдсэн. Төрийн эрх барьж буй намд Ерөнхий сайдынхаа орлогыг "хууль ёсны дагуу" гээд нотолчих эрх мэдэл, хүний нөөц хангалттай бий.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бүрэн эрх УИХ-ын гишүүдэд л байгаа юм. УИХ-ын гишүүд одоогоор "Ерөнхий сайд тайлбар хийх ёстой" гэх мэт улс төрийн нөхцөл байдлыг ажигласан байр суурийг илэрхийлээд буй. Энэ байдлаас үзвэл түүнийг огцруулах албан бичигт гарын үсэг зурах 32 гишүүний тоо бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.

Сөрөг хүчний ажлыг хийх ёстой Ардчилсан Нам нь эрх баригч МАН-тай эвслийн Засгийн газар байгуулснаас болж Ерөнхий сайдыг огцруулах талаар юу ч дуугарч чадахгүй явсаар. Тэр бүү хэл АН-ын дарга Л.Гантөмөр улаан цээжээрээ хамгаалж байгаа.

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар:

  • 1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
  • 2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Үндсэн хуулийн 44 дугаар зүйлд зааснаар:

  • 1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.
  • 2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
81 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг