Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй өнөөдөр танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүтэйгээ холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар хэлэв.
- Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна.
- Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой.
- Хүү маань "Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй" гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Говьд ажиллаж байх хугацаанд хүү маань найз охинтой болсон байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа.
- Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн.
- Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүс танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй.
- Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, Херотой хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. Херо энтертайнментийн 50%, нөгөө нь Хүлэг контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй.
- Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан. Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя.
- Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна.
- Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана.
"Намайг янз бүрээр л хэлдэг. Данх гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье.
Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна" гэв.
Мэдээллийг livetv.mn шууд дамжуулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!