Уншиж байна ...

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд өөрөө импичментийн асуудлыг УИХ-д оруулж ирэх гаргалгааг харж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас Төв талбайд жагсаж буй иргэдийн шаардлагад ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Тэрбээр “Төрийн ямар ч албаны тушаалтан хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлж байх ёстой. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол хуулиар шийдэгддэг. Тэгэхээр энэ бол зүй ёсны шаардлага. Зөвхөн Ерөнхий сайдад бус хэнд ч энэ шаардлагыг тавьж болно.

Эцэг хүний хувьд, эрх бүхий албан тушаалтны хувьд ч тэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголдоо ирээд байр сууриа илэрхийлж таарна.

Огцруулах асуудал нэлээд идэвхтэй яригдаж байгаа. Ямар ч улсад ийм нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгааг Үндсэн хуульд яаж заасан гэхээр Ерөнхий сайд өөрөө огцрох уу үгүй юу гэдэг дээр итгэл үзүүлэх эсэх асуудлыг Их хуралд оруулж ирдэг зохицуулалттай байдаг. Манай Үндсэн хуульд ч ийм зохицуулалт бий.

Хэрэв би байсан бол энэ асуудлыг шууд оруулж ирнэ. Ийм л гаргалгааг харж байна.

Нам дагасан, намын нөлөө бүхий албан тушаалтныг дагасан залуучууд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалын хувьд ердийн залуусаас хол тасраад явчихдаг. Энэ заваан тогтолцоог эвдэх хэрэгтэй. Эвдэх арга нь эдийн засаг. Төрийн албыг хувьчлах ёстой" гэлээ.