• 6 сарын 16, Даваа

Оросын байр суурь Трампын тэвчээрийг барж буй тухай Финландын ерөнхийлөгч ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Финландын ерөнхийлөгч Александр Стубб

Бямба гарагт Эстонийн нийслэл Таллин хотод болсон Леннарт Мерийн аюулгүй байдлын чуулганд оролцохдоо Финландын ерөнхийлөгч Александр Стубб сүүлийн үед Украины дайны асуудлаарх Оросын байр суурь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тэвчээрийг барж эхэлсэн тухай ярьжээ.

Тэрбээр саяхан Трамптай удаан ярилцсаны дараа үүнийг мэдэрснээ тайлбарласан байна.

Оросын түрэмгий бодлогыг түүхээсээ сайн мэддэг орны удирдагчийнхаа хувьд Стубб энэ талаар АНУ-ын ерөнхийлөгчийг илүү сайн мэдлэг, мэдээлэлтэй болгохыг хичээж байгаагаа ярьжээ.

Тэр бас Европын бусад удирдагчдыг энэ чиглэлд хамтран ажиллахыг уриалсан байна.

“Эдийн засгийн хувьд Орос их гүрэн байхаа нэгэнт больсон. Эдийн засаг нь Италиас жижиг, Испаниас арай том. Гурван жилийн өмнөөс цэрэг арми нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг устгахыг хичээж байгаа. Энэ онд тэд нэг хувь хүрэхгүй хэмжээний газар нутаг эзэлсэн. Бодлогын хүү нь 20 хувийг давж, нөөц нь шавхагдаж байгаа. Тиймээс их гүрэн гэж үзэхэд хэцүү болсон. Ийм мессэжийг бид дамжуулах хэрэгтэй. Энэ нь тийм амар зүйл биш ч бид Америкийн засаг захиргаанд ийм мессэжийг өгсөөр байх хэрэгтэй. Трампын ертөнцийг үзэх үзэл 19 дүгээр зууны их гүрнүүдийн тоглоомоос нэг их хол зөрөхгүй. Бид чөлөөт худалдаа нь нэг улсын ашиг хонжооноос илүү ач холбогдолтойг АНУ-ын засаг захиргаанд итгүүлэх ёстой. Бид аюулгүй байдлын хэрэглэгч биш, аюулгүй байдлын хангагч гэдгээ харуулах ёстой” гэж Стубб чуулганы хэлэлцүүлгийн үеэр ярьжээ.

зураг
 

Тэр бас ОХУ-ын эсрэг АНУ-ын засаг захиргаанаас авах эдийн засгийн шинэ хориг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж буй сенатор Линдси Грэмтэй бараг өдөр тутам холбоотой байгаагаа мэдээлсэн байна.

Грэм энэ арга хэмжээнийхээ төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт Европын гадаад хэргийн сайд нартай хэлэлцсэн бөгөөд удахгүй Конгресст өргөн барих ажээ.

Шинэ хориг арга хэмжээний төлөвлөгөөнд Оростой эрчим хүчний салбарт хамтарч ажилласан улс орны бараа бүтээгдэхүүнд 500 хувийн импортын татвар ногдуулахаар тусгасан гэнэ.

Энэ нь Трампын одоо авч хэрэгжүүлж буй худалдааны дайны арга механизм юм.

Чуулганд оролцсон удирдагчид АНУ-ын засаг захиргаа Европыг аюулгүй байдлын чухал холбоотон гэж үзсэн хэвээр байгааг энэ үеэр онцолсон байна.

Тухайлбал Стубб өөрийнх нь харилцсан Вашингтоны аль ч албан тушаалтан НАТО-гоос АНУ-ыг гаргах асуудлыг хөндөхгүй байгааг мэдээлжээ.

Ромын папын оршуулгын ёслолд өөртэй нь зэрэгцэж суусан Трамп “Битгий санаа зов. Та нар айх аюулгүй” гэж хэлснийг Эстони улсын ерөнхийлөгч Алар Карис энэ үеэр бас дурссан байна.

 

Эх сурвалж: Associated Press