Израилийн тал Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменигийн амийг хөнөөх төлөвлөгөө боловсруулаад байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан хоригийн улмаас хэрэгжүүлээгүйг Вашингтоны албаны гурван тусдаа эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
Тухайлбал Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа Трамп уг төлөвлөгөөг “зөв санаа биш” хэмээн эсэргүүцсэнийг нэг эх сурвалж баталсан байна.
Гэхдээ Трамп өөрөө энэ талаар ямар нэг мэдээлэл нийтэд өгөөгүй байгаа юм.
Дээрх яриа Ираны эсрэг Израилийн агаарын цохилт Баасан гарагт эхэлсний дараа болсон гэнэ. Уг мэдээлэл үнэн эсэхийг Fox News сувгийн сэтгүүлч Нетаньяхугаас асуухад “Хэзээ ч болоогүй ярианы талаар маш олон худал мэдээлэл цацагдаж байна. Би энэ талаар ярихгүй” хэмээн хариулжээ.
“Гэхдээ бид хийх ёстой юмаа хийнэ гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Бид хийх ёстой гэсэн зүйлээ хийнэ. АНУ өөрт нь юу сайн болохыг мэдэж байгаа гэж би бодож байна” гэж тэр цааш нь хэлсэн байна.
Нэг үгээр хэлбэл Нетаньяху дээрх мэдээлэл үнэн, худал аль нь болохыг шууд батлахаас зайлсхийжээ.
Израилийн нэг өндөр албан тушаалтан CBS News сувагт ярихдаа “Бид улс орны удирдагчдыг алдаггүй. Бид цөмийн болон цэргийн байгууламжуудад хамаатай хүмүүст анхаарал тавьдаг. Эдгээртэй холбоотой хөтөлбөрүүдийн талаар шийдвэр гаргадаг хүмүүс эрх чөлөөтэй, амар тайван амьдрах ёсгүй гэж би бодож байна” гэж тайлбарласан байна.
Израилийн эхний өдрийн ажиллагааны үеэр Ираны зэвсэгт хүчний гол генералууд, цөмийн физикийн эрдэмтэд алагдсан юм.
Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн мөргөлдөөний талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсаараа дамжуулан цөөн хэдэн мэдэгдэл хийгээд байгаа.
Баасан гарагт тэр Израилийн агаарын довтолгоог зогсоох хамгийн зөв арга зам бол Иран улс АНУ-тай цөмийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болохыг анхааруулж байв. Гэвч Оман улсад болохоор төлөвлөгдсөн байсан талуудын ээлжит уулзалтыг Тегераны эрх баригчид цуцалсан юм.
Бямба гарагт тэр Ираны эсрэг Израилийн эхлүүлсэн ажиллагаанд АНУ ямар ч оролцоогүйг батлан илэрхийлжээ. Харин өчигдөр буюу Ням гарагт Трамп сөргөлдөгч талуудад тохиролцоонд хүрэхийг уриалахдаа “яг Энэтхэг, Пакистан хоёр шиг” гэж саяхны жишээг татсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!