Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зохисгүй агуулга бүхий контент хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

ikon.mn
2025 оны 6 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Зургийн эх сурвалж: parents.app

Орчин үеийн мэдээллийн эрин үед хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр мэдээллийн асар их урсгалтай нүүр тулж, дэлхийн хаанаас ч, хүссэн цагтаа төрөл бүрийн эх сурвалжаар дамжуулан мэдээ, мэдээлэл хүлээн авах боломжтой болсон нь тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Үүнд зөвхөн сошиал медиа, онлайн видео платформууд төдийгүй телевизийн олон суваг, видео сангууд ч багтдаг бөгөөд эдгээр нь хүүхдийн мэдээлэл хүлээн авах орчин, мэдлэгийн хүрээг тэлэхийн зэрэгцээ тэдний хандлага, үнэт зүйл, зан төлөвт шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

Гэвч энэхүү нээлттэй мэдээллийн орчин нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохиромжгүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, далд сөрөг нөлөөтэй агуулгууд түгээмэл болж, тэдний сэтгэл зүй, зан төлөвт сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарах нь зүйтэй.

Иймээс энэхүү нөхцөл байдлыг судалгаа нотолгоонд үндэслэн хүүхэд хамгааллын бодлого, зохицуулалтын хүрээнд ямар нэгэн хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байна.

2021 оны Common Sense Media-ийн судалгаагаар 8–12 насны хүүхдүүд өдөрт дунджаар 5.5 цаг, харин 13–18 насныхан 8.5 цаг дэлгэц ашиглаж байгаа нь Ковид-19-ийн өмнөх үеэс 17%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэнээс гадна хүүхдийн тархинд боловсруулагдаж буй дүрс, дуу, текстийн хэмжээ эрс өссөн байна. Энэ нь мэдээлэл илүү хүртээмжтэй болсон мэт боловч дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг олон улсын судалгаануудын үр дүн нотолсоор байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25-р зүйлд:

  • 25.5: Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгчид хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой контентыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүрэгтэй.
  • 25.7: Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нь контент, бүтээлээ олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг заавал тавих үүрэгтэй.

Гэсэн хэдий ч хуулийн уг заалт бодит амьдралд төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа бөгөөд энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болохыг дараах үүсэж болзошгүй эрсдэлүүд болон олон улсын судалгааны дүнгээс харагдаж байна.

Монгол Улсад энэ чиглэлийн судалгаа хомс боловч хүүхдийн сэтгэлзүйд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатайг сануулсаар байна.

1. Хүчирхийлэлтэй дүрслэл:

Түрэмгий байдлыг үлгэрлэх тулаант, адал явдалт, гэмт хэрэгтэй холбоотой олон ангит кино, шоу хөтөлбөрүүдээр хүчирхийлэл, зүй бус шийтгэл, дээрэнгүй хандлагыг "баатарлаг үйлдэл" мэтээр дүрсэлснээр хүүхдийн ухамсарт "түрэмгий байдал = хүч чадал" гэх ташаа ойлголт тогтоох эрсдэлтэй.

Bandura (1977)-ийн "Нийгмийн суралцах онол"-ын дагуу хүүхэд бусдын үйлдлийг ажиглаж, дуурайн сурдаг тул хүчирхийлэлтэй дүрслэл нь хүүхдийн зан төлөвт шууд нөлөөлдөг. Frontiers in Psychology (2024) сэтгүүлд дурдсанаар, ийм контент тогтмол үздэг 6–12 насны хүүхдүүдийн түгшүүр, анхаарал сарних, түрэмгий зан чанар 1–3 сарын дотор мэдэгдэхүйц өссөн байна.

2. Садар самуун дүрслэл ба хэт романтизм:

Ёс суртахууны төөрөгдөл: Сүүлийн жилүүдэд хүүхдийн насанд тохирох мэт боловч далд байдлаар насанд хүрэгчдийн харилцаа, бэлгийн шинж чанартай агуулгыг багтаасан ёс суртахууны төөрөгдөл бүхий контент нэмэгдсэн. APA (2018)-ийн судалгаагаар ийм контент үзсэн өсвөр насныхны дунд биеийн талаарх сөрөг ойлголт, өөрийн үнэлэмж буурах, бэлгийн сонирхол эрт хөгжих хандлага хоёр дахин өндөр байжээ. Монгол Улсын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (2022) судалгаанд 10–15 насны хүүхдүүдийн 38% нь насанд хүрэгчдэд зориулагдсан агуулгыг санамсаргүйгээр үзсэн хэмээн хариулсан нь хяналт хангалтгүй байгааг харуулж байна.

3. Далд сурталчилгаа ба хэрэглээний дарамт:

Үнэт зүйлийн гажуудал: Орчин үеийн контентууд гадаад үзэмж, материаллаг хэрэглээг амжилт, аз жаргалтай адилтган харуулдаг хандлага давамгайлж байна. UNICEF (2021)-ийн судалгаагаар хэрэглээний сурталчилгаанд хэт өртсөн хүүхдүүдийн 35%-д өөртөө сэтгэл ханамжгүй байдал, эцэг эхдээ шаардлага тавих, сэтгэл гутралд өртөх зэрэг шинжүүд илэрсэн. Хүүхдүүд энэ төрлийн контентыг олон дахин үзэх нь ёс суртахууны ойлголтод сөргөөр нөлөөлж, мөнгө, эд зүйлсийг амьдралын гол зорилго хэмээн хүлээн авах буруу хандлагыг төлөвшүүлж болзошгүй байдаг.

Мөн гадаад төрхийг аз жаргалтай амьдралын гол үндэс гэж ойлгох хандлагаас үүдэн өөрийн биеийн төрхөд сэтгэл ханамжгүй байх, гадаад төрхөө өөрчлөх эрмэлзэл хэт нэмэгдэх улмаар эрүүл бус хооллолтын дадалтай болох эрсдэл нэмэгддэг.

4. Хүүхдийн насанд нь тохироогүй агуулгыг шууд цацах:

Хяналтгүй хэрэглээ: Хүүхдийн телевиз үзэх хамгийн идэвхтэй үе болох 18:00–21:00 цагийн хооронд насанд хүрэгчдэд зориулсан контент, кино шууд цацагдсаар байгаа нь хүүхдүүдийг шууд болон шууд бусаар сөрөг мэдээлэлд өртүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. PMC (2023)-ийн судалгаагаар ийм мэдээлэлд тогтмол өртсөн хүүхдийн сэтгэл зүйн хямрал дунджаар 11%-иар өссөн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны мониторингийн тайланд дурдсанаар Улаанбаатар хотын нийт телевизүүдээр 18+ тэмдэглэгээ бүхий нэвтрүүлэг хугацааны хязгаарлалт зөрчсөн тохиолдлууд олноор бүртгэгджээ. Мөн зохисгүй агуулгатай, насны ангиллын тэмдэглэгээгүй өдрийн цагаар нэвтрүүлсэн 28 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна.

Иймд дэлгэцийн хэрэглээ нь хүүхдэд мэдээлэл олж авах, суралцах боломжийг нээхийн зэрэгцээ эрсдэл дагуулж болох тул сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь нийгмийн нийтлэг зорилт юм. Эцэг эх, багш, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүүхдийн сэтгэл зүйн дархлааг хамгаалах, ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, боловсролын хөтөлбөр, хууль эрх зүйн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх цаг үеийн шаардлага бидний өмнө тулгараад байна.

 

Нийтлэлийг бичсэн: Д.Пүрэвсүрэн
/Мета сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ-ын захирал, сэтгэл судлалын докторант/