Дүүжин замын тээврийн бүх тулгуур баганыг суурилуулж дуусжээ
Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганыг угсарч дуусжээ.
Тус төсөл нь 4.2 км урт шугамтай, 6.5-42 метрийн өндөртэй тулгуур багануудтайгаар төлөвлөгдсөн. Ийнхүү төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7 хувьд хүрчээ.
Энэ тухай төслийн талбайн ахлах инженер Д.Батчулуун “Тулгуур багануудыг суурилуулах явцад аюулгүй ажиллагаа, барилгын норм, стандартын мөрдөлтийг нэн тэргүүнд тавин ажиллалаа. Өнөөдөр цасан шуургатай байсан ч салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн” гэв.
Тулгуур багануудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага (тросс) татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур баганын дээгүүр агаараар сүвлэн татаж суурилуулах бөгөөд уг ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






