АНУ-ын ерөнхийлөгч Трампын хүзүүн дээр гарсан тууралтын шалтгааныг эмч нь тайлбарлав
Даваа гарагт Цагаан ордонд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүзүүн дээр гарсан тууралт олны анхаарлыг татаж, түүний эрүүл мэндтэй холбоотой сэдвийг дахин хөндсөн байна.
Үүний улмаас Трампын хувийн эмч энэ талаар тайлбарлахад хүрчээ.
“Ерөнхийлөгч Трамп хүзүүнийхээ баруун талд зах зээлд түгээмэл байдаг тос хэрэглэж байгаа бөгөөд энэ нь урьдчилан сэргийлэх зорилготой арьсны эмчилгээ юм. Ерөнхийлөгч уг тосыг нэг долоо хоног хэрэглэж байгаа. Улайлт тууралт хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна” гэж ерөнхийлөгчийн эмч Шон Барбабелла тайлбарласан байна.
Гэхдээ тэр Трамп ямар шалтгаанаар арьсаа эмчлэх хэрэгтэй болсныг дурдаагүй юм.
2025 оны хоёрдугаар сард Трамп олон нийтийн өмнө гарахдаа анх удаа гарын ар талын хөхрөлтөө нуухын тулд энгэсэг хэрэглэсэн мэт харагдаж байв. Түүнээс хойш түүний эрүүл мэндийг тойрсон дуулиан тасрахгүй байгаа.
Тухайн үед Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт “Ерөнхийлөгч өдөржин ажиллаж, хүмүүстэй байнга уулзаж, гар барьдаг тул хөхөрсөн” гэж тайлбарлаж байжээ.
Тэр үеэс хойш Трампын гар хэд хэдэн удаа хөхөрсөн байдалтай харагдсан юм. Арванхоёрдугаар сард засгийн газрын хуралдааны үеэр тэр бас зүүрмэглэж байгаад хэвлэлүүдийн дуранд өртөж байлаа.
Долдугаар сард Трампын хөлийн шагай хэсэг хавдсан байгааг хэвлэлүүд бас олж мэдээлсэн юм.
Үүнийг Цагаан ордон “архаг венийн дутагдал” оношлогдсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байв.
“Ерөнхийлөгч саяхан зүрх судасны цогц шинжилгээнд хамрагдсан. Энэ үеэр доод мөчний Доплерын хэт авиан шинжилгээ авахад архаг венийн дутагдал илэрсэн. Энэ нь 70-аад дээш насны хүмүүст түгээмэл тохиолддог аюул хоргүй өвчний шинж тэмдэг юм” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Нэгдүгээр сард Уолл Стрит Журнал сонинд ярихдаа Трамп сүүлийн үед эмч нарын зөвлөснөөс илүү их аспирин уух болсон ч ерөнхий эрүүл мэнд нь “төгс сайн” байгааг хэлсэн юм.
“Аспирин цус шингэлэхэд сайн гэдэг. Биеэр минь өтгөн цус урсахыг би хүсэхгүй байна” гэж тэр тухайн үед тайлбарлаж байжээ.
Энэ үеэр Трамп өөрийнхөө эрүүл мэндийн талаарх элдэв дуулианд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, аравдугаар сард ээлжит эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдахдаа зүрх судас, хэвлийн хөндийн дүрс оношилгоонд орсон нь ийм яриаг улам эрчимжүүлэх шалтгаан болсныг хүлээн зөвшөөрч байлаа.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
