2025 онд Токиогийн цагдаагийн газарт иргэдийн гээсэн нийт 4.5 тэрбум иен цугларсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2025 онд Токио хотын цагдаагийн газарт иргэдийн хаяж гээсэн эд зүйлс хэлбэрээр нийт 4.5 тэрбум иен ($28.5 сая) цугларсан нь өмнөх оноосоо 0.5 хувиар өссөн, түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Энэ нь Япон улсын иргэд шударга, ёс зүйтэй байдлаараа дэлхийд тэргүүлдгийг дахин баталсан тоо баримт болж байна.

Токио хотын цагдаагийн газрын алдагдсан эд зүйлсийн төвийн өчигдөр танилцуулсан тоо баримтаас харвал нэг удаагийн хамгийн том бэлэн мөнгөний тушаалт 27 сая иен байжээ.

Хаягдсан бэлэн мөнгөний 70 гаруй хувь нь олон нийтийн газруудаас олдсон байна. Үүний нэг түгээмэл жишээ нь дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүлсэн хүмүүсийн авахаа мартсан хариулт мөнгө байдаг гэнэ.

Цугларсан мөнгөний 3.23 тэрбум орчим иенийг эздэд нь буцааж олгосон бол 590 орчим саяыг олсон хүмүүст нь өгч, 680 саяыг хотын захиргааны орлого болгожээ.

Бэлэн мөнгөнөөс гадна 2025 онд 4.5 сая ширхэг хаяж гээсэн эд зүйлсийг иргэд цагдаагийн газарт тушаасан нь мөн өмнөх оноосоо 3 хувиар өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Эдгээрийн хамгийн их хэсэг нь буюу 820,000 орчим нь жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт байсан бол утасгүй чихэвч гэх мэт жижиг хэмжээтэй электроник төхөөрөмжүүдийн тоо үргэлжлэн өссөнийг Токио хотын цагдаагийн газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: Kyodo News