Эпштейнтэй хамт “гайхалтай сайхан цаг”-ийг өнгөрүүлснээ Трамп өөрт нь ярьсан тухай Клинтон мэдүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
52 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой асуудлаар Конгрессын хяналтын хорооны гишүүдэд хаалттай горимоор мэдүүлэг өгсөн билээ.

Даваа гарагт түүний өгсөн мэдүүлгийн дүрс бичлэгийг олон нийтэд ил болгосон байна.

2002, 2003 оны хавьцаа гольфын тэмцээний үеэр Трамп уулзахдаа Эпштейнтэй ямар харилцаатай байснаа дурссаныг Клинтон энэ үеэр ярьжээ.

Тухайн яриа Клинтон ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусны дараа, Трамп ерөнхийлөгч болохоос арав гаруй жилийн өмнө болсон байна.

“Тэр (Трамп) намайг Жеффри Эпштейний онгоцоор ниссэнийг ямар нэг байдлаар мэдэж байсан. Тэр ‘бид олон жилийн турш хамтдаа сайхан цагийг өнгөрүүлсэн ч үл хөдлөх хөрөнгийн нэг наймаанаас болоод муудалцсан’ гэж надад ярьсан” гэж Клинтон мэдүүлжээ.

Харин Клинтоны мэдүүлгээс өмнө Трамп ярихдаа Мар-А-Лаго эдлэнд нь ажилладаг залуу бүсгүйг Эпштейн ажилд авснаас болж муудалцсан гэж ярьж байсан юм.

Эпштейн агсан 2008 онд анх насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэхийг завдсан хэргээр шүүхээс ял сонсож байжээ.

Клинтон, Трамп нарын аль аль нь үүнээс өмнө Эпштейнтэй харилцаатай байснаа хүлээдэг бөгөөд энэ үедээ ямар нэг хууль бус зүйлд оролцоогүйгээ баталдаг.

Эпштейн 2019 онд бэлгийн мөлжлөгийн хэргээр шалгагдаж байхдаа Нью Йоркийн шоронд нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж дүгнэсэн.

Клинтон мэдүүлэгтээ Эпштейнтэй түүнийг өөрийнх нь засаг захиргааны сангийн сайд асан Ларри Саммерс танилцуулсныг хэлжээ.

Ингэхдээ Клинтоны байгуулсан ДОХ-той тэмцэх сангийн ажилд туслах хүсэлтэй хүн гэж Эпштейнийг танилцуулсан юм байна.

Сүүлд уг санд хандив цуглуулах ажлаар Клинтоныг дэлхийн олон орноор аялахад Эпштейн хувийн нисэх онгоцоо ашиглуулж байсан гэнэ.

“Тухайн үед би Эпштейнийг сонирхолтой хүн гэж харж байснаас биш түүнийг миний эрхэлдэг ажлыг үнэхээр сонирхдог хүн гэж бодоогүй” гэж Клинтон мэдүүлжээ.

Тэрбээр Эпштейн болон түүний хамтрагч Гислейн Максвелл нарын танилцуулсан ямар ч эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаагүй, нэг удаа онгоцны үйлчлэгч эмэгтэйгээр хүзүүндээ иллэг хийлгэж байснаа хүлээсэн байна.

Харин тэр эмэгтэй нь Эпштейний хохирогчдын нэг байсныг сүүлд мэдсэн гэнэ.

“Надад тийм онцгой санагдаагүй. Би хэдэн удаа баян хүмүүстэй онгоцоор нисэж, тэдний санал болгосон массажийг хийлгэж байснаа хэлж чадахгүй. Тэдэнтэй хамт аялахад ийм зүйл үргэлж тохиолддог. Би ихэнхдээ татгалздаг байсан” гэж Клинтон хэлжээ.

Тэр бас Карибын тэнгис дэх Эпштейний хувийн аралд хэзээ ч очиж байгаагүй, 1993-2001 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь Эпштейн 17 удаа Цагаан ордонд зочилсныг ч мэдээгүй гэсэн юм.

 

Эх сурвалж: Reuters