Худалдааны хэлэлцээ нурсны дараа Канад улс "АНУ-ын нэг мужийн хэмжээний давуу тал" сонирхож байгааг Трамп шүүмжлэв
АНУ, Канад улсуудын хооронд үргэлжилж байсан яриа хэлэлцээ Баасан гарагт нуран унаснаар хөрш хоёр улсын хооронд “худалдааны дайн” дэгдэх нөхцөл бүрдээд байна.
Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хойд хөршийнхөө олон төрлийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн импортын татвар ногдуулахаа мэдэгдсэн бол Канадын ерөнхий сайд Марк Карни үүнийг шүүмжилж, есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн “доллар бүрийг доллароор” гэсэн зарчимтай ижил хариу арга хэмжээ авахаа амласан юм.
Ингэхдээ тэр хоёр улсын хооронд “худалдааны дайн” эхэлж байгааг зарласан.
“Тэд хэтэрхий их зүйл шаардаж, хэтэрхий бага зүйл санал болгож байна. Халдлагад өртөхийг дайн эхэлсэнд тооцдог. Тэгвэл бид халдлагад өртөөд байна” гэж Бямба гарагт Карни мэдэгджээ.
Тэгвэл Ням гарагт Fox News сувгаар ярихдаа Трамп “нэг улс биш мөртлөө АНУ-ын нэг мужийн хэмжээний давуу тал эдлэхийг” Канадын тал сонирхож байгааг шүүмжилсэн байна.
Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Канадыг өөрийн улсын 51 дэх муж болгох санааг хэд хэдэн удаа илэрхийлж байсан.
Трамп өчигдөр ярихдаа Канадыг АНУ-тай хийх “худалдааны дайнд ялна” гэж бодож байгааг “тэнэг хэрэг” гэж дүгнэжээ.
Хоёр улс долоо хоногийн эхээр тохиролцоонд хүрэх өөдрөг хандлагатай байсан ч сүүлчийн мөчид гэнэтийн өөрчлөлт санал болгож, үйл явцыг нураасан гэж харилцан нэгнээ буруутгаж байгаа.
АНУ-ын 50 хувийн татвар нь Канадын ган, хөнгөн цагаан, автомашин, модон материалд ногдуулсан өмнөх татвар дээр нэмэгдэж, илүү олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамрах юм.
Дарс, сүүн бүтээгдэхүүн, цемент, бэлэн хувцас, хоккейн хэрэгсэл зэрэг Канадын нийт импортын 5 хувийг эзлэх буюу нийтдээ $20 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг хамрахаар байна.
Худалдааны дайн яг ямар хүрээг хамрах дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд тодорхой болох юм.
Бямба гарагт АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэмисон Грир яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвлөгөө байхгүйг хэвлэлд ярьснаас үзвэл талуудын хагарал нэлээд гүнзгийрсэн бололтой.
Хоёр улс одоо Мексикийг оролцуулсан Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээгээр (USMCA) харилцаагаа зохицуулж байгаа.
1994 онд батлагдсан өмнөх гэрээг энэ гэрээгээр солих ажлыг Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа санаачлан хэрэгжүүлж байв.
Энэ гэрээний дагуу жил бүр $1.6 их наядын худалдаа АНУ, Канад, Мексик гурван улсыг дамнан эргэлддэг.
Энэ зуны эхээр Канад, Мексик улсууд USMCA гэрээг 16 жилээр сунгах албан ёсны хүсэлтээ илэрхийлсэн ч АНУ одоогийн хэлбэрээр нь үргэлжлүүлэхээс татгалзсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
