Путин энэ намар 300,000 цэрэг шинээр нэмж татах гэж байгааг Зеленский анхааруулав

Т.Давааням, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Есдүгээр сарын дундуур болох парламентын сонгуулийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дайны хүчин чармайлтаа нэмэгдүүлэх зорилгоор 300,000 цэрэг нэмж татах гэж байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский анхааруулжээ.

Оросын арми одоо Украины зүүн хязгаарын Донбассын бүс нутгийн үлдсэн хэсгийг эзлэхийн төлөө асар их зардал, хохиролтой байлдааны ажиллагаа явуулж байгаа.

Ням гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Зеленский ирэх 2027 онд Орос улс цэрэг татлагаа үргэлжлүүлснээр нийтдээ 500,000 цэрэг шинээр дайчлах боломжтой бөгөөд ингэхдээ Оросын алсагдсан бүс нутгуудын хүн амыг хамруулах төлөвтэй байгааг хэлжээ.

“Төвийн хотуудыг энэ дайчилгаа хамрахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ тэд үүнийгээ сайн нууж чадахгүй гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.

Оросын парламентын сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Хэдийгээр дорнод Украины хотуудыг эзлэхийн тулд Оросын арми маш шаргуу тулалдаж байгаа ч 2026 онд Оросын эзэлсэн болон Украины чөлөөлсөн газар нутгийн хэмжээ тэнцэхээр байгааг Зеленский бас хэлжээ.

Сүүлийн саруудад Украины агаарын довтолгооноос хамгаалах Partiot пуужингийн нөөц багассан нь Оросын талд баллистик пуужингаар фронтын шугамын ар тал руу довтлох боломж олгож байгаа.

Зеленскийн хэлснээр Украин улс 2026 онд холбоотнуудаасаа 264 ширхэг Patriot пуужин авахаар байгаа нь 2025 оны 364, 2023 оны 675-аас эрс буурсан үзүүлэлт юм байна.

Нөгөө талаас Орос улс одоо жилд 1,300 хүртэл тооны баллистик пуужин үйлдвэрлэдэг болохоор зорьж байгаа гэнэ.

Сүүлийн саруудад Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүнд нисгэгчгүй онгоцны цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Бямба гарагт Путин эдийн засгийн дэд бүтцүүдийг нь онилсноороо Украины тал “Пандорагийн хайрцаг” нээж байгааг анхааруулсан юм.

Энэ нь ижил төстэй хариу арга хэмжээ авах үүд хаалгыг нээж байгааг илэрхийлсэн хэлц үг.

Орос улс үүний хариуд Украины “эдийн засгийн хамгийн эмзэг цэгүүд”-д довтлохыг Путин анхааруулжээ.

Украин улсад ирэх өвлийг эрчим хүчний дэд бүтцүүдээ хамгаалж, аюулгүй давахын тулд 360 Patriot пуужин хэрэгтэй байгааг Зеленский өчигдөр хэлсэн юм.

Холбоотнуудаас Франц улс энэ онд хамгийн цөөндөө нэг ширхэг SAMP/T агаарын довтолгооноос хамгаалах систем, Герман улс 2028 оныг хүртэл 600 орчим PAC-2, PAC-3 агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхээр тохиролцсоныг тэр энэ үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters