Саудын Арабын нийслэл дэх АНУ-ын элчин сайдын яамны байр нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ
Саудын Араб улсын нийслэл Рияад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр хоёр нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж, бага хэмжээний гал түймэр гарсан тухай тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Мягмар гарагийн өглөө уг халдлага гарсан юм байна.
АНУ, Израилийн явуулж буй байлдааны ажиллагааны хариуд Ираны зэвсэгт хүчин Ойрх Дорнодын орнуудыг чиглэсэн агаарын довтолгоог эхлүүлсэн юм.
Уг хариу цохилтын улмаас АНУ-ын дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаад байгаа.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд ярихдаа элчин сайдын яамны халдлага болон Америк цэргүүдийн амийг хөнөөсөн үйлдлийн хариу арга хэмжээг удахгүй авахаа мэдэгдсэн байна.
Ингэхдээ тэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаад “Та нар удахгүй харах болно” гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Өчигдрийн халдлагын үеэр Рияад хотын дипломат төлөөлөгчдийн газрууд байрладаг дүүрэгт дэлбэрэлт болж, хар утаа гарч байсныг гэрчүүд мэдээлсэн байна.
Харин Саудын Арабын батлан хамгаалах яам “бага хэмжээний гал гарсан”, “материаллаг хохирлын хэмжээ хязгаарлагдмал” гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж Саудын армийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин энэ өдөр элчин сайдын яамд байрладаг дүүргийг чиглэсэн дөрвөн нисгэгчгүй онгоцыг унагасныг мэдээлсэн байна.
Халдлагын өмнө АНУ-ын элчин сайдын яам Саудын Араб улсын Рияад, Жидда, Дахран хотуудад байгаа өөрийн иргэдэд халдлагын үеэр хоргодох байранд орох зөвлөмжийг гаргаж байжээ.
Эх сурвалж: Al Jazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
