Израиль, Иран улсуудын хооронд дэгдсэн агаарын тулаан өчигдөр буюу Ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилжээ.
Баасан гарагийн шөнө Израилийн тал Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудад агаарын довтолгоо явуулснаар энэ бүхэн эхэлсэн юм.
Тухайн өдрийн орой Ираны тал хариу пуужингаар довтолж, Бямба гарагт талууд дахин харилцан нэгнийхээ эсрэг агаарын довтолгоогоо үргэлжлүүлж байв.
Ням гарагт Израилийн батлан хамгаалах хүчин Ираны төв болон баруун бүс нутагт газар-газар ангиллын пуужингаар довтолжээ.
Энэ үеэр Тегеран дахь Ираны гадаад хэргийн яамны барилга гэмтэж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын гадаад хэргийн дэд сайд Саед Хатибзадех мэдээлсэн юм.
Үүнээс гадна Ираны Хувьсгалт Гвардийн тагнуулын албаны дарга Мохаммад Каземи, түүний орлогч нар Израилийн агаарын цохилтод өртөж, алагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Пуужин харвахаасаа өмнө Израилийн тал зэр зэвсгийн үйлдвэрүүдийн ойр орчмоос холдохыг Ираны иргэдэд урьдчилан анхааруулж байв.
Ням гарагийн орой Ираны тал Израилийн эсрэг агаарын довтолгоо явуулахдаа бас ижил анхааруулга өгсөн юм. Тухайлбал Израилийн цэргийн болон судалгааны байгууламжуудын ойр орчмоос хол байхыг Израилийн иргэдэд анхааруулсан байна.
Үүний дараа “Жинхэнэ Амлалт 3” гэх нэртэй ажиллаагаа эхлүүлж, Израилийн нутаг дэвсгэрт “төрөл бүрийн баллистик пуужин хэдэн зууг” харвасан тухай Ираны албан ёсны Мехр агентлаг мэдээлжээ.
Энэ ажиллагааны улмаас Израилийн хойд бүсийн Хайфа хот, өмнөд бүсийн Завдел суурин Ираны пуужингийн цохилтод өртсөн байна.
Өнгөрсөн гурван өдрийн хугацаанд Иранд 224 хүн алагдаж, 1,481 хүн шархадсаныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тэдгээрийн ихэнх нь жирийн иргэд байсан байна.
Израилийн талд Ираны агаарын цохилтод 14 хүн алагдаж, 380 хүн шархаджээ.
Өчигдөр дэлхийн хэд хэдэн улс орны удирдагчид сөргөлдөгч талуудад мөргөлдөөнөө зогсоохыг уриалсан юм. Тухайлбал Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлэх зорилгоор дипломат яриа хэлэлцээ эхлүүлэхийг талуудад уриалжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!