АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийн 36 улсын иргэдэд нэмж хилийн хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа талаар төрийн департаментын дотоод эх сурвалжаас олж авсан баримтад үндэслэн Ройтерс агентлаг мэдээлжээ.
Энэ сарын эхээр Трамп дэлхийн 12 улсын иргэдэд хилийн бүрэн хориг тавих захирамж гаргахдаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд тэдгээр улсуудаас ирдэг террористууд заналхийлж байгаа тул гэж тайлбарласан юм.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн гарын үсэгтэй дотоод албан бичигт “төрийн департамент 60 хоногийн дотор тогтоосон жишиг үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд хилээр нэвтрэхийг бүрэн болон хэсэгчлэн түдгэлзүүлэхийг санал болгосон 36 улсыг тодорхойллоо” гэж бичжээ.
Тавьж буй шаардлагад тухайн улсын иргэний бичиг баримтын баталгаажуулалт найдвартай биш гэсэн нөхцөл багтсан байна.
Бас хууль бусаар оршин сууж буй иргэдээ буцааж авахад АНУ-тай хамтран ажиллаагүй, Америкийн эсрэг болон антисемитист үзэл идэвхтэй байдаг гэсэн нөхцөлүүдийг тусгажээ.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг 60 хоногийн дотор авч хэрэгжүүлээгүй тохиолдолд хилийн бүрэн болон хэсэгчилсэн хоригт орох орнуудад Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо Верде, Камбож, Камерун, Кот Дивуар, Ардчилсан Конго, Жибути, Доминик, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргизстан, Либери, Малави, Мавритани, Найжир, Нигери, Сэйнт Киттс ба Невис, Сэйнт Люси, Сан Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве багтсан байна.
Энэ сарын эхээр ийм хоригт орсон 12 улс нь Афганистан, Мьянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрэй, Хайти, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен байсан юм.
Эдгээрээс гадна Бурунди, Куба, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэл гэсэн долоон улсад хэсэгчилсэн хориг тавьж байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд муслим хүн ам голлодог долоон улсын иргэдэд хилийн хориг тавих шийдвэр гаргасан нь олон саад бэрхшээлтэй тулгарсны эцэст 2018 онд тус улсын Дээд Шүүх дэмжсэнээр хэрэгжиж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!