Орон нутагт гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан тухай Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.
Тодруулбал Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 08:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Түймэрт урьдчилсан байдлаар 7,300 гаруй га талбай өртсөн байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газарт энэ сарын 1-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө.
Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар түймэрт 26,562.9 г талбай өртсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!