"Даллас Маверикс" баг драфтын эхний сонголтыг хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны ирэх улирлын шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтын сугалаа боллоо. 

"Даллас Маверикс" баг ердөө 1.8 хувийн боломжоос аз од нь гийж, ирэх драфтын эхний сонголтыг хийнэ. Техасын баг сугалаанаас өмнө 11-ээр сонгох магадлал өндөр байв. Өнгөрсөн хоёрдугаар сард багийн лидер Лука Дончичоо "Лос Анжелес Лэйкерс" руу явуулснаар хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан "Маверикс" 1981 оноос хойш анх удаа эхний сонголт хийхээр болжээ.

1985 оноос хойш драфтын сугалаа явагдах болсноос хойш хамгийн бага магадлалаас эхний сонголтыг хийх болсон дөрөв дэх баг нь "Даллас" болжээ. 1993 онд "Орландо Мэйжик" 1.52 хувийн магадлалаас эхний сонголтыг "хожсон" бол 2008 оны "Чикаго Буллз", 2014 оны "Кливлэнд Кавальерс" баг 1.7 хувийн магадлалаас аз гийсэн түүхтэй.

Үүнээс өмнө тус баг драфтын сугалаанд 16 удаа оролцоод нэг ч удаа тэргүүн сонголтыг авч чадаагүй юм. 1993 болон 1994 онд лигийн хамгийн тааруу амжилт үзүүлээд №4 болон №2-оор сонголт хийх эрх авчээ.

44 жилийн өмнө Даллас хотынхон ДеПол их сургуулийн бүтээгдэхүүн Марк Агуэрийг сонгон авчээ. Техас мужийн багт долоон улирлыг өнгөрүүлсэн Марк 24.6 оноо дундажласан байдаг. Энэ хугацаанд гурван удаа бүх одод болсон америк эр багаа нэг удаа хасагдах шатанд гаргаж байв.

Техас мужийн өөр нэгэн баг болох "Сан Антонио Спэрс" №2-оор, "Филадельфи 76" баг №3-аар сонгох эрхтэй болов.

Энэ жилийн драфтын тэргүүн сонголтоор Дюкийн их сургуулийн од Күпер Флагг тодрох магадлалтай. Тэрбээр 2023 оны наймдугаар сард драфтад нэрээ өгөх нь тодорхой болсон цагаас хойш дээгүүр сонгогдох тоглогчдыг тэргүүлж буй юм.

 

Эх сурвалж: ESPN

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг